20/10/2026
Монгол Улсын төлөөлөгчид хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, хэвлэлийн эрх чөлөө, ардчиллын дархлааг бэхжүүлэх чиглэлээр Европын зарим орны туршлагаас судаллаа.
Европын Холбооны санхүүжилтээр Хэвлэлийн Хүрээлэнгээс Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах Европын нэгдэлтэй хамтран 2026–2028 онд хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж, Монголын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 12–17-ны өдрүүдэд Монгол Улсын төрийн байгууллага, хууль тогтоох байгууллага, судалгааны хүрээлэн, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 16 хүний баг Бельги, Швед Улсад туршлага судалж, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн олон ургалч байдал, MIL, хүүхдийн цахим эрх, ардчилсан оролцоог дэмжих бодлого, институцийн зохицуулалт болон сургалтын арга зүйтэй танилцлаа. All for Education Mongolia -ийн хөтөлбөрийн ажилтан Б.Батчимэг бүрэлдэхүүнд багтаж туршлага судлах боломж олгосон Хэвлэлийн Хүрээлэн -д талархаж байна.
Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (MIL) нь зөвхөн дижитал ур чадварын тухай асуудал биш бөгөөд ардчилал, хүний эрх, нийгмийн тэгш оролцооны суурь чадавх юм.
Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (MIL) нь зөвхөн цахим технологи ашиглах, худал мэдээллийг таних ур чадвар биш. Энэ бол хүн бүр мэдээлэл авах эрхээ эдлэх, мэдээллийг шүүн тунгаах, бие даан шийдвэр гаргах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлдэг насан туршийн суралцахуйн үндсэн хэсэг юм. Иймээс MIL-ийн бодлого, сургалт, арга зүйг хүн бүрд ижил хэлбэрээр хүргэх бус, хүмүүсийн нас, амьдралын нөхцөл, хэл, суралцах онцлог, мэдээлэлд хүрэх боломж болон ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна.
Танилцах аялалын тэмдэглэл: Мэдээллийн эх сурвалж, агуулга, зорилго, найдвартай байдлыг үнэлэх, баримтыг нягтлах, хиймэл оюун ухаанаар бүтээсэн болон төөрөгдүүлсэн агуулгыг таних, мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах чадвар нь өнөөдөр бүх насны хүмүүст хэрэгтэй болж байна. Гэвч хүн бүр мэдээлэлд ижил нөхцөлөөр хүрч, ижил аргаар ойлгож, ашиглах боломжтой байдаггүй. Нас, хөгжлийн онцлог, хөгжлийн бэрхшээл, хэлний ялгаа, боловсролын түвшин, амьдарч буй орчин, цахим технологийн хүртээмж болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нь хүмүүсийн мэдээлэлтэй харилцах боломжид нөлөөлдөг. Тиймээс MIL-ийг зөвхөн интернэт ашигладаг, сургуульд суралцдаг эсвэл тодорхой түвшний дижитал ур чадвартай хүмүүст чиглүүлж болохгүй. Харин мэдээлэл авах, ойлгох, үнэлэх, бүтээх, түгээхэд нь ямар саад бэрхшээл тулгарч байгааг тодорхойлж, тухайн хүний хэрэгцээнд нийцсэн сургалт, мэдээллийн агуулга, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх нь чухал.
Ялангуяа хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настан, хэлний бэрхшээлтэй иргэд, боловсролын боломж хязгаарлагдмал болон нийгмийн маргинал бүлгийн мэдээлэл авах, ашиглах, түгээх хэрэгцээг бодлого, хөтөлбөр боловсруулахдаа харгалзан үзэх шаардлагатай.
гэдэг нь хүн бүрд ижил сургалт санал болгох төдий биш. Харин хүн бүр суралцах, мэдээлэлд хүрэх, ойлгох, хэрэглэх бодит боломжтой байхаар нөхцөл, арга хэлбэр, дэмжлэгийг нь тохируулахыг хэлнэ.
#Насан туршийн суралцахуйгаар дамжуулан MIL-ийг амьдралын бүхий л орчинд хөгжүүлэх чиглэлээр : Бодлого, боловсрол, судалгаа, олон нийтийн оролцоог уялдуулах нь
Шведийн Хэвлэл мэдээллийн агентлаг, Соёлын яам, Гётеборгийн их сургуулийн дэргэдэх Нордиком судалгааны төв болон сургалтын арга зүй хөгжүүлэгч байгууллагуудтай хийсэн уулзалтууд нь MIL-ийг төрийн бодлого, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, судалгаа, боловсролын практиктай уялдуулахын ач холбогдлыг харуулсан юм.
Тухайлбал, Шведийн сургуулийн боловсролд MIL-ийн агуулгыг олон хичээлтэй уялдуулах, суралцагчдын мэдээлэлтэй ажиллах бодит чадварыг хөгжүүлэх арга зүйг ашиглаж байна. Энэ нь MIL-ийг зөвхөн технологийн хэрэглээний асуудал гэж үзэхгүйгээр хэл, математик, дүрслэх урлаг, нийгмийн ухаан болон бусад сургалтын хүрээнд мэдээллийг шинжлэх, тайлбарлах, нотолгоог үнэлэх чадварыг хөгжүүлэх боломжтойг харуулж байна.
Мөн бодлого боловсруулахын өмнө иргэдийн мэдээлэлтэй харилцах мэдлэг, чадвар, хэрэгцээ болон тулгарч буй саад бэрхшээлийг судлах нь чухал. Ийм судалгаа нь хэнд ямар дэмжлэг шаардлагатай, ямар бүлэг орхигдож байгааг тодорхойлж, нөөц, сургалт, арга зүйг хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөхөд тусална.
Эдгээр туршлага нь Монгол Улсад MIL-ийн үндэсний бодлого боловсруулахдаа зөвхөн сургалтын хамрагдалт, оролцогчдын тоог хэмжихээс гадна сургалт хүн бүрд бодитоор хүрч байгаа эсэх, оролцогчид мэдээллийг бие даан үнэлж, өдөр тутмын амьдралдаа ашиглах чадвараа хөгжүүлж байгаа эсэхийг үнэлэх шаардлагатайг харуулж байна.
?
Европын туршлагыг Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлэхдээ дараах чиглэлийг цаашид судалж, холбогдох байгууллагуудтай хэлэлцэх боломжтой.
📌 Нэгдүгээрт, MIL-ийн бодлого, хөтөлбөрийг хүний эрх, тэгш хамруулалтын зарчимд тулгуурлан боловсруулах. Хүн бүр мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхээ бодитоор эдлэх нөхцөлийг бүрдүүлж, ялгаатай хэрэгцээтэй бүлгүүдийн оролцоог хангах шаардлагатай.
📌 Хоёрдугаарт, хэрэгцээ, хүртээмжийн судалгаанд үндэслэх. Хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хэлний бэрхшээлтэй иргэд болон бусад бүлгийн мэдээлэл авах, ойлгох, ашиглах боломж, тулгарч буй саад бэрхшээлийг судалж, бодлого, сургалтын арга зүйг тэдний бодит хэрэгцээнд нийцүүлэх нь зүйтэй.
📌 Гуравдугаарт, MIL-ийг насан туршийн суралцахуйн тогтолцоотой уялдуулах. Сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсрол, насанд хүрэгчдийн боловсрол, албан бус болон олон нийтийн сургалтаар дамжуулан мэдээлэлтэй харилцах чадварыг үе шаттай хөгжүүлэх боломжийг судлах хэрэгтэй.
📌Дөрөвдүгээрт, сургалтын агуулга, арга хэрэгслийг хүртээмжтэй, ялгаатай хэрэгцээнд нийцсэн байдлаар хөгжүүлэх. Сургалтын материал, мэдээллийн сувгийг боловсруулахдаа хэл, нас, суралцах онцлог, хөгжлийн бэрхшээл болон технологийн хүртээмжийг харгалзан үзэж, мэдээллийг ойлгох, ашиглах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай.
📌Тавдугаарт, амьдралын бүхий л орчинд суралцах боломжийг бүрдүүлэх. Сургууль, номын сан, гэр бүл, ажлын байр, орон нутаг, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоонд тулгуурласан сургалт, мэдлэг түгээх үйл ажиллагааг хөгжүүлэх нь MIL-ийг илүү өргөн хүрээнд хүргэх боломжтой.
📌 Зургаадугаарт, үр дүнг тэгш хамруулалт, бодит чадварын өөрчлөлтөөр үнэлэх. Хэдэн хүн сургалтад хамрагдсан, ямар материал боловсруулсан гэдгээс гадна мэдээллийн боловсролын үйлчилгээ ямар бүлэгт хүрсэн, хэн орхигдсон, оролцогчид мэдээллийн эх сурвалжийг шалгах, нотолгоог үнэлэх, бие даан шийдвэр гаргах чадвараа хэрхэн хөгжүүлснийг үнэлэх хэрэгтэй.
📌 Долоодугаарт, салбар хоорондын тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх. Төрийн байгууллага, боловсрол, судалгаа, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм болон олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагаа нь MIL-ийн бодлогыг уялдуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг тогтмол үнэлэхэд чухал ач холбогдолтой.
Гэрэл зураг В.Лут-Очир
#ХэвлэлийнХүрээлэн