28/11/2025
ЭМГЭНЭЛ
Бидний анд найз, итгэлт ах, “Их Өргөө Ротари клуб"-ийн Хүндэт ахмад гишүүн, Гавьяат уурхайчин Гомбосүрэнгийн Галбадрах 2025 оны 11 сарын 27-ны өдөр бурхны оронд заларч, Ротаричууд бидэнд хүнд гарз тохиолоо.
Г.Галбадрах нь 1951 онд Хотгойд овгийн Халзайн Гомбосүрэнгийн ууган хүү болон төрсөн бөгөөд МУИС-ийн уул уурхайн факультетийг 1977 онд уул уурхайн технологи, инженер мэргэжлээр төгссөж улмаар 40 жил салбартаа үр бүтээлтэй Арвин амжилттай ажилласан билээ. Тэрээр олон томоохон уурхайн дарга захирал хийж байснаас дурдвал Өмнөговь аймгийн Таван толгойн уурхайн дарга, Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайн гүйцэтгэх захирал, Төв аймгийн Төгрөг нуурийн уурхайн захирал, Говь-Алтай аймгийн Зээгтийн уурхайн зөвлөх, Говь-Алтай аймгийн Таян нуурын уурхайн захиралаар ажиллаж эх ороныхоо хөгжил дэвшил, эрчим хүч, эдийн засагт хувь нэмрээ оруулсан ачтай хүн юм. Буурал ахын минь хичээл зүтгэл нөр хөдөлмөрийг төр засаг үнэлж Уул уурхайн салбарн тэргүүний ажилтан, Төрийн дээд Алтангадас одон, Уул уурхайн салбарын дээд шагнал – Монгол улсын гавъяат уурхайчин /2018/ цолоор тус тус шагнаж байсан билээ.
Г.Галбадрах ах маань 74 нас сүүдрийг зооглосон ч бие эрүүл, ухаан саруул бидэнд ихийг зааж зөвлөхийн зэрэгцээ сайн үйлсэд идвэхтэй оролцдог нэгэн байсан юм. "Их Өргөө Ротари клуб" үүсгэн байгуулагдсан 2012 оноос хойш Ротарийн үйлсэд сэтгэл зүрх, цаг хугацаа, авьяас чадвараа харамгүй зориулж, олон сайн үйлсийн эхлэл, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ. "Их Өргөө Ротари клуб"-ийн хэрэгжүүлдэг олон төслүүдийн дундаас Монгол Улсын ханиад томууны улиралд нэн шаардлагатай “Second Wind” хүчилтөрөгчийн утлагын аппаратны төсөлд гар бие оролцон, бусдын төлөө чин сэтгэлээсээ зүтгэн ажиллаж ирсэн түүний гавьяаг бид гүнээр бахархаж дурсана. Клубээс хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрт санаачлагтай идвэхтэй оролцож явахын зэрэгцээ клубын бусад үйл ажиллагаанд ч идвэхтэй оролцдог байснаас тухайлбал 2024 оны Ротари спорт өдөрлөгт Байт харваагаар оролцож явсаныг одоо нэхэн дурсахад таатай байна.
Өөрөөсөө давж бусдад тусалж ирсэн үйлс буян, Ротари гэр бүлд оруулсан үнэтэй хувь нэмэр, санал санаачлага, дэмжлэг, бусдын төлөө хичээж бүтээсэн ажил үйлс бүрийг нь бид үргэлж талархан санана. Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, тууштай зан чанар, эрхэмсэг төлөв түвшин төрх, эгэл даруу гэгээн дүр Монголын Ротаричууд бидний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.🙏