05/10/2026
П.ЦОЛМОН: Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга
“ХӨДӨӨ БОЛ ХӨГЖЛИЙН АРЫН ХАШАА БИШ” БОДЛОГЫН НИЙТЛЭЛЭЭ “POLICY LAB” СЭТГҮҮЛД НИЙТЛҮҮЛЛЭЭ
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Бодлогын 11 хорооноос нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудалд судалгаа, шинжилгээнд тулгуурласан шийдэл дэвшүүлэх зорилготой “Policy Lab” бодлогын сэтгүүлийн анхны дугаарыг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Сэтгүүлийн анхны дугаарт Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг бодит хэрэгжилт болгоход чиглэсэн бодлогын нийтлэлүүдийг онцолсны нэг нь Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга П.Цолмонгийн “Хөдөө бол хөгжлийн арын хашаа биш” нийтлэл байв.
Тус нийтлэлд хөдөөгийн хөгжлийг зөвхөн мал аж ахуй, газар тариалангаар хязгаарлах бус, хүн амын тогтвортой суурьшил, ажлын байр, үйлдвэрлэл, үйлчилгээ, хүний хөгжил, дэд бүтэц, орон нутгийн засаглал, байгаль орчны тогтвортой байдлыг харилцан уялдуулсан хөгжлийн цогц бодлогоор авч үзэх шаардлагатайг хөнджээ.
Мөн бүсчилсэн хөгжлийн бодлогыг аймаг, сумдын онцлог, нөөц боломжтой уялдуулах, орон нутагт үйлдвэрлэл, жижиг, дунд бизнесийг дэмжих, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг асуудлыг хөдөөгийн тогтвортой хөгжлийн хүрээнд авч үзсэн байна.
Үүний зэрэгцээ зам, тээвэр, эрчим хүч, ус хангамж, интернэт зэрэг суурь дэд бүтцийг сайжруулах, бэлчээрийн доройтол, ган, зуд, уур амьсгалын эрсдэлийг бууруулах, байгалийн нөөцийг зохистой ашиглах нь орон нутагт иргэд тогтвортой ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг нийтлэлд онцолжээ.
“Хөдөө бол хөгжлийн арын хашаа биш” гэсэн үзэл санаа нь орон нутгийг хөгжлийн зах хязгаар бус, Монгол Улсын эдийн засаг, хүн амын суурьшил, үйлдвэрлэл, хүнсний хангамж, тогтвортой хөгжлийн бодлогын чухал тулгуур хэмээн авч үзэх шаардлагыг илэрхийлж байна.
“Policy Lab” сэтгүүлийн анхны дугаарт мөн бүсчилсэн хөгжил, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хүний эрх, төрийн бүтээмж ба засаглал, иргэдийн эдийн засгийн эрх чөлөө, хүртээмж ба тэгш оролцоо, дэд бүтцийн бодлого зэрэг асуудлаар бодлогын нийтлэлүүд багтжээ.
Сэтгүүлийн нээлтэд МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн О.Бяруузана, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.
МАН-ын Бодлогын хороод нь салбарын судалгаа, шинжилгээнд тулгуурлан бодлогын санал, шийдэл боловсруулах, намын мөрийн хөтөлбөр болон төрийн бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий мэргэжлийн бүтэц юм.
Цаашид “Policy Lab” сэтгүүлээр дамжуулан салбар бүрийн эрдэмтэн, судлаач, экспертүүд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хөндөж, судалгаа, тооцоо, бодит баримтад тулгуурласан шийдэл, санал бүхий нийтлэлүүдийг улирал тутам олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.