15/02/2026
Сайн байцгаана уу.
Нутгийн зон олон та бүхэн сайхан өвөлжиж байна уу.
Та бүхэндээ хуваалцах сайхан мэдээ хүлээн авлаа.
Монгол Улсын Гавьяат Багш хэмээх эрхэм цол тэмдэгээр Могой жилдээ алдар нэрээ дуудуулах эрхэм Данаажавын Оросоо гуай тодорчээ🤗
Төрийн ордоноос 2026 оны 02 сарын 16нд шагналаа гардан авах сайхан мэдээг дуулгая🤗🤗
ИХ ӨӨЛД ОВОГТ ДАНААЖАВЫН ОРОСООГИЙН АЖЛЫН ТУРШЛАГААС
Улсын багшийн их сургуулийг 1966 онд төгсөөд Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн багш, хичээлийн эрхлэгчээр, Цогт, Бигэр сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлаар нийт боловсролын салбарт 43 жил ажиллахдаа
Багшаар 16 жил
Хичээлийн эрхлэгчээр 12
Захирлаар 15 жил ажилласан байна.
Ажиллах хугацаандаа Математик сэтгэлгээг хөгжүүлж суурь мэдлэгийг бүрэн эзэмшүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрийг чанд сахиж шинэ бүтээл оновчтой санал 5-ыг сургалтанд нэвтрүүлж Математик, Физикийн олимдиадад сурагчдыг бэлдэн оролцуулж амжилт гаргуулсан.
Математикийн олимдиадад шавь нараа бэлдэн улс, аймгийн олимпиадад тэргүүн байр эзлэж байсан байна.
Хожим нь тэдгээр сурагчдаас Төрийн соёрхолт, Эрдэмтэд (Д.Рэгдэл, П.Галрагчаа)
Гавьяат багш, математикч Ц.Сэвжид
Гавьяат эдийн засагч П.Батсүх
Анагаах ухааны доктор Г.Пүрэвдорж нараас гадна Уул уурхай, Геологи, Автын инженер, Физик Математикийн 10 гаруй мэргэжлийн багш нар ажиллаж байгаад гавьяаны амралтаа эдлэж байна.
1975 онд дэвтэрт шаардагдах 8 шаардлагыг шинээр санаачилсан нь одоо хүртэл сурагчийн дэвтэрт хэвлэгдэн нийтийн хүртээл болсон.
2004 онд тэтгэвэрт гарч Бигэр нутагтаа Агрономийн анхны мэдлэг олгох сургалтанд хамрагдаж Мерси Кор, Монгол төмс, Каритас Монголиа зэрэг төсөл хөтөлбөрүүдэд сургагч багшаар ажиллаж Жимс, жимсгэнэ тарих ажлыг 14 жил хийсэн байна. Одоо хашаандаа зуны хүлэмжтэй, 8 төрлийн жимс, жимсгэнэ тариалж байна.