03/08/2026
МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн төв нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-ын "LEADER" хөтөлбөртэй хамтран “Байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын сургагч багш бэлтгэх” 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь зөвхөн мэдлэг олгох төдийгүй байгууллагуудын дотоод чадавхыг бэхжүүлэх, ESG-ийг бодит үйл ажиллагаанд хэрэгжүүлэх чадвартай мэргэжлийн сургагч багш нарыг бэлтгэхэд чиглэсэн онцлогтой байв.
Тус сургалтыг Филиппин Улсаас хүрэлцэн ирсэн олон улсын сургагч Daniella Reyes, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-ын Ажил олгогчийн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Wade Bromley, мөн хөтөлбөр, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Laura Greene нар удирдан зохион байгуулж, ESG-ийн олон улсын чиг хандлага, бодит кейс, шилдэг туршлага, арга зүйг оролцогчдод системтэйгээр хүргэлээ.
Сургалтад Бизнесийн Ёс Зүйн төвийн сургагч багш нар болон төр, хувийн хэвшил, санхүү, боловсролын салбарын төлөөллүүд оролцож, ESG-ийн ойлголтыг системтэйгээр судалж, практикт хэрэгжүүлэх арга барилд суралцлаа. Тодруулбал, Голомт банк, Ханбогд Кашмер ХХК, Санхүү, эдийн засгийн их сургууль, АПУ ХК, Монголын Хөрөнгийн Бирж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөгчид идэвхтэй оролцож, байгууллагын түвшинд ESG-ийг нэвтрүүлэх, үнэлэх, тайлагнах, цаашид мэдлэг түгээх ур чадварыг эзэмшсэн юм.
Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэх, нийгмийн өмнө хүлээх үүргээ биелүүлэх, ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх нь зөвхөн шаардлага бус, харин урт хугацаанд үнэ цэнэ бий болгох стратегийн чухал чиглэл болоод байна. ESG-ийг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагууд эрсдэлээ бууруулж, хөрөнгө оруулалтын боломжоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлдэг.
Бизнесийн Ёс Зүйн төв нь ESG болон бизнесийн ёс зүйн чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.