09/07/2026
Бизнес Өсөлт ТББ эрхэм гишүүдийн танилцуулыг цуварлаар хүргэж байна
“Сүүн гэр” ХХК-ийн захирал У.Пагма
“Сүүн гэр” ХХК-ийн захирал У.Пагмаагийн уламжлалт, эрүүл хүнсээр бүтээгдэхүүн хийх бизнесийн санаа нь түүний өдөр тутмын амьдралаас төржээ. Эмэгтэй хүн ээж болсныхоо дараа үр хүүхдийнхээ эрүүл мэнд, хэрэглэж буй хоол хүнс гээд олон зүйлд анхаарал хандуулж, гэртээ сайн дурын “судлаач” болдог. Яг үүнтэй адил У.Пагмаа хүүхдүүдээ цэвэр агаарт, эрүүл хүнс хэрэглэж, амьдралын зөв хэв маягтай болгохоор шийдэж, хөдөөг зорьсон түүхтэй. Ээжийн хувиар эхлүүлсэн эрүүл хоол, хүнсний аялал нь түүний цаашдын бизнесийн төлөвлөгөө болж, өнөөдрийн “Сүүн гэр” ХХК байгуулагдах үндэс суурийг тавьсан.
Мэдээллийн хурдацтай хөгжлийн эрин зуунд У.Пагмаагийн эрүүл хоол, хүнсний эрэл хайгуул буцаад л уламжлал руугаа чиглэх болов. Монголчууд цаг уурын нөхцөл байдал, бие хүний онцлог, улиралтайгаа яв цав нийцсэн идээ, ундааны аугаа их соёлтой ард түмэн билээ. Шинэ, содон бүхэнд татагдаж буй орчин цагийн нийгэмд бидний өвөг дээдсийн идээ, ундааны соёл мартагдан, устаж, үгүй болсоор байна. Уламжлалаас шинэчлэл рүү явж байгаа ч монголчуудын дунд хорт хавдрын өвчлөл жил бүр нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Тэр дундаа элэг, ходоодны хорт хавдраар манай улс дэлхийд тэргүүлж яваа нь иргэдийн амьдралын хэв маягтай холбоотой гэдгийг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж буй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар “Сүүн гэр” ХХК-ийн хамт олон “Өглөөний цайгаа заавал уу, өлөн элгээ тайл” уриатайгаар гурван төрлийн арвай, овьёосны бөмбөлгийг органик орц, найрлагатайгаар баяжуулан гаргаж, зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна.
“Айлаас эрэхээр авдраа уудал” хэмээн монголчуудын хэлдгээр уламжлалаа ухвал ухаарал, гарц шийдэл, асуултын хариулт нь бий гэдэгт У.Пагмаа огтхон ч эргэлздэггүй. Тиймээс ч “Сүүн гэр” ХХК-ийнхаа эрхэм зорилго, алсын харааг “Эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой уламжлалт хүнсийг инновацад суурилсан шинэлэг технологиор үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэнэ” гэж тодорхойлж, энэ зорилгынхоо төлөө тасралтгүй хөдөлмөрлөсөөр байна. Түүний сэтгэлдээ тээж явдаг нууцхан мөрөөдлийн нэг нь уламжлалт өв соёл шингэсэн түргэн хоолны үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэх. Хэзээ нэгэн өдөр залуучууд өвөг дээдсийнхээ өв соёл, уламжлалын үнэ цэнийг улам их ухамсарлаж, хүн бүр хайрлаж нандигнадаг, түүгээрээ омогшиж бахархдаг болно гэдэгт тэрбээр итгэлтэй явдгаа ярьсан.
Уламжлалт хүнсээ тренд болгох хүсэлтэй “Сүүн гэр” ХХК бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд BEST хөтөлбөрийн зээлийн зуучлал, зөвлөхүүдийн мэдээлэл, сургалтууд чухал үүрэг гүйцэтгэжээ. “Сүүн гэр” ХХК анх удаа, ямар ч туршлагагүйгээр ЖДҮ-ийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтад ороод, дөрвөн үе шатыг амжилттай давж, 50 сая төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр авч чадсан нь BEST хөтөлбөрийн зөвлөхүүд шат болгонд оновчтой зөвлөгөө өгч, анхнаасаа бичиг баримтуудаа маш цэгцтэй, нягт нямбай бүрдүүлсэнтэй шууд холбоотой гэсэн юм. Ийнхүү ЖДҮ-ийг дэмжих сангаас авсан зээлээрээ эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжөө сайжруулж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 30 хувиар нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн BEST хөтөлбөрийн компанийн засаглал, маркетинг болон бусад сургалт, зөвлөгөөнүүдээс бизнес, бүтээгдэхүүнээ олон нийтэд хэрхэн сайн танилцуулж, хөрөнгө оруулагч татах, ярих, илтгэх ур чадварт суралцжээ. Хөтөлбөрийн сургалтуудаас олж авсан ур чадвараа ашиглан “Сүүн гэр” ХХК нь “Mongol HD” телевизээс зохион байгуулдаг “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцон, бүтээгдэхүүн, компаниа амжилттай танилцуулж, хөрөнгө оруулалт татаж чадсан нь олон амжилтын шанг татах нь тэр. “Шарк Танк”-аас хөрөнгө оруулалт татаж, эргэлтийн хөрөнгө нэмэгдэж, CU сүлжээ дэлгүүрүүдээр өглөөний цайгаа түгээснээр борлуулалт хоёр дахин өссөн байна. Үүнээсээ урам зориг авч, “Номин” супермаркеттай холбогдон, бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлснээр эргэлтийн хөрөнгө 2.5 дахин, үндсэн хөрөнгөө гурав дахин, ашгаа 30 хувь, ажилтны тоогоо хоёроор нэмэгдүүлжээ. Мөн тэрээр Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хугацаанд бүхий л сургалт хөтөлбөрүүдэд хамрагдаж явсаар Монголдоо анхны БОНЗ-ын үнэлгээ хийлгэж ESG стандарт нэвтрүүлсэн 22 компанийн нэг болсон билээ.
Бизнес бага багаар өсөхийн хэрээр асуудал ч тасрахгүй. Бизнес эрхлэх хугацаандаа У.Пагмаа захирал тоглоомын дүрмээ анхнаасаа тодорхой болгож, холбогдох хуулиа уншиж, гэрээгээ сайн байгуулж, “Алаагүй баавгайн арьсыг хэрхэн хувааж авах вэ” гэдгээ эхнээсээ л ичиж зовохгүйгээр ил тод, нээлттэй ярилцах хэрэгтэйг ойлгож авчээ. Уламжлалт хүнсээ түгээн дэлгэрүүлж, худалдан авагчийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж байгаа нь ямар ч ашиг орлогоос илүү сэтгэл ханамж, бахархал төрүүлдэг гэдгийг тэрбээр ярив. Урт хугацаандаа гэнэтийн их ашиг орлогоос илүүтэй, эрүүл, уламжлалт, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг эрхэмлэдэг ч зарим нэг хамтрагчид өнөөдрийн ашиг орлого, боломжуудыг л олж харж байсан нь зөрчил үүсэхэд хүргэсэн удаа бий. Гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүс компанийнхаа үнэт зүйлийг хамгаалах, түүнийхээ төлөө бат зогсох зоригтой байх хэрэгтэйг энэ жишээ ойлгуулсан байна. Сэтгэлээр унах, сорилтод орох бүрдээ У.Пагмаа эхэлсэн цэгээ бодож, анхны санхүүжилтээ аваад хөл нь газар хүрэхгүй “нисэж” явснаа санадаг. Ямар ч цагт гэр бүлийнхэн нь түүний ард асаалттай танк шиг зогсдог учраас бууж өгөх, шантрах эрхгүй зүтгэж яваа бүсгүй юм. Тэрбээр амьдралын сорилт, бэрхшээлийн өмнө бүрмөсөн бууж өгөхгүйн тулд түр “зогсож”, бодож тунгаах цаг гаргаж байхыг залуу бизнес эрхлэгчдэд зөвлөлөө.
Товч мэдээлэл
Бизнесийн төрөл: Эрүүл хүнс
Бүтээгдэхүүний онцлог: Уламжлалт хүнсэнд инновац шингээсэн бүтээгдэхүүн
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Орхоны гудамж
Утас: 96099292
И-мэйл: [email protected].
Фэйсбүүк хуудас: ДЭМ эрүүл хүнс