07/27/2025
Америкийн баруун эргийн монголчууд уран мэхийг уралдуулан,
хүчтэй, бяртай, даацтай сайхан наадлаа.
Хүчит бөхийн барилдаан
Америкийн баруун эргийн монголчууд сайхан наадлаа. Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадамын хүрээнд Бэй Аэриа, Сан Франциско орчмын монголчуудын 26 дахь удаагийн баяр наадам Номхон далайн эрэг дэх Аламеда хотын зүлэг ногоон талбайд 2025 оны 7-р сарын 12-ны билэгт сайхан өдөр ёслол төгөлдөр боллоо.
Энэ жилийн баяр наадамд хүчит 32 бөх барилдав. Өмнөговь аймгийн уугуул, аймгийн начин Б.Батхүү түрүүлж, Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн заан О.Баярцогт үзүүрлэж, Архангай аймгийн уугуул, цэргийн начин Д.Гомбодорж, аймгийн харцага Х.Баярнэмэх нар шөвгөрчээ. Аймгийн арслан А.Болдсүхийн нэрэмжит уран барилдааны шагналыг залуу бөх А.Батсаруул хүртжээ.
Гурвын давааны зүүний магнайд аймгийн заан О.Баярцогтын цолыг олон жилийн туршлагатай засуул О.Отгонбаатар, барууны магнайд цэргийн начин Д.Гомбодоржийн цолыг Бэй Аэриагийн хүндэт засуул Батжаргал нар сайхан дуудлаа.
Хүүхдийн барилдааны ахлах насанд М.Баяр-Од, Эрмүүн үзүүрлэж, Чингүүн, Тэмүүлэн шөвгөрсөн бол дунд насанд Тэмүгэ түрүүлж, Цэнгүүн үзүүрлэн, Ананд, Отгонбаяр нар шөвгөрч, бага насанд Тэмүгэ түрүүлж, Мөрөн үзүүрлэн, Эрхэс, Чинбаяр нар шөвгөрчээ.
Улаанбаатар хот дахь барилгын “Төгөлдөр өргөө” компани бөх, сур, дааганы медалиуд
Олон монголчуудыг ажлын байраар хангадаг “Терра экспресс” компани түрүү, үзүүр бөх болон бөхийн шагналын санд зориулан 1,000 доллар,
Ebro brothers түрүү бөхөд зориулан, 500 доллар,
М.Бямбацогт, Ю.Ариунзаяат нарын гэр бүл хүүхдийн барилдааны ахлах насны болон нийт бөхийн шагналын санд зориулан 300 доллар,
М.Чулуунсүх, Б.Энхжаргал нарын гэр бүл хүүхдийн барилдааны дунд насны болон нийт бөхийн шагналын санд зориулан 300 доллар,
Д.Гомбодорж, Э.Болор нарын гэр бүл хүүхдийн барилдааны бага насны шагналын санд зориулан 200 доллар хандивлаж, үндэсний бөхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулав.
Бөхийн барилдаанд үнэн хүчийг үзэн, олон түмнээ баясгасан хүүхдүүд болон нийт бөхчүүд, бөхийн барилдааныг уламжлалт ёсоор, дүрмийн дагуу, сахилга баттайгаар зохион байгуулсан бөхийн даа А.Болдсүх ахлагчтай О.Отгонбаатар, Батхишиг, Батжаргал нарын бүрэлдэхүүн бүхий хөлийн цэц, хүүхдүүдэд монгол бөхийн жудаг, тэвчээр, дэг ёсыг зааж, барилдаанаар дамжуулан, монгол өв соёлыг түгээж буй Мөнхбаясгалан тэргүүтэй хүүхдийн барилдаан хариуцсан багт талархлаа илэрхийлье.
БАМХ
Баяр наадмын комисс
2025 он