29/04/2026
Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, Барилга, Хот байгуулалтын сайд, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газрын албаны дарга буюу Улаанбаатар хотын ерөнхий даамал, Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор Ж.НАРАНЦАЦРАЛТ багшийн нэрэмжит “Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний VIII бага хурал” МУИС-ийн Эрдмийн танхимд 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тухайн хурлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Газарзүйн тэнхим, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Наранцацралт сан, Монголын Кадастрын холбоо, Газар зохион байгуулалтын холбоо хамтран зохион байгууллаа.
Монголын Кадастрын холбооны Гүйцэтгэх захирал П.Нямдаваа шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан бөгөөд тус холбоо нь хурлын 3-р байрын шагналыг ивээн тэтгэлээ.
Тус эрдэм шинжилгээны хуралд МУИС, ШУТИС, ХААИС, ҮТИС-ийн оюутнуудын нийт 17 судалгааны ажил, илтгэл ирснээс, 2-р шатанд 9 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлж, шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр:
1-р байр – ШУТИС, ГУУС, Геодезийн салбар, 4-р түвшин, Б.Өнөрмаа, Ж.Ундармаа, Г.Эрдэнэ-Очир, М.Отгонбилэгт “Дроны зураглалаар барилгажсан хэсгийн гадаргын тоон загварыг боловсруулж олон нийтэд нээлттэй веб GIS үүсгэсэн үр дүн”;
2-р байр – ХААИС, АЭС, ГЗБ хөтөлбөрийн 4-р түвшин, Э.Лхамсүрэн “Машин сургалтын арга ашиглан газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийг тодорхойлох боломж (Сэлэнгэ аймаг, Баянгол сум 2017, 2025)”;
3-р байр – МУИС, Газарзүйн тэнхим, БОЗТС хөтөлбөрийн 4-р түвшин, Д.Маралгуа “GeoAI-д тулгуурласан орон зайн өгөгдлийн шинжилгээ загварчлал” тус тус шалгарсан байна.
Тусгай байрны шагналыг МУИС, Газарзүйн тэнхим, БОЗТС хөтөлбөрийн 4-р түвшин, Б.Аззаяа “Зайнаас тандан судлал болон машин сургалтын аргыг ашиглан тариалангийн бүс нутгийн ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг тооцох нь”; ХААИС, АЭС, ГЗБ хөтөлбөрийн 4-р түвшин, М.Уранцэцэг “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь газар ашиглалтын нөлөөллийн орон зайн тархалтыг зураглах нь” илтгэлээр тус тус хүртлээ.