24/03/2026
Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
МАЭ-ээс “Хотын өв-II” хэлэлцүүлгийн хүрээнд “Гандангийн дэнж: Хүрээний сүүлчийн суурьшил өнгөрснөөс ирээдүйд” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр МАЭ-ийн Архитектор ордонд зохион байгуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Их Хүрээний баруун хэсэгт буюу Далхын дэнж дээр 1838 онд V Богд Жавзандамба хутагт Гандантэгчэнлин (Төгс баясгалант их хөлгөний орон) хэмээх шинэ Хүрээг хэд хэдэн дацан, сүм болон 2250 ламын хамт байгуулснаар одоогийн Гандангийн дэнжийн суурьшлын бүс үүсжээ. Гандантэгчэнлин хүрээг байгуулснаар Их хүрээ Баруун, Зүүн хоёр Хүрээтэй болж, Зүүн хүрээнд шашны төв захиргаа, Баруун хүрээнд шашны сургалт, боловсролын үйл ажиллагаа төвлөрч байв. Харамсалтай нь 1938 онд Монголын хүрээ хийдийн үйл ажиллагааг хаахад энэ хоёр Хүрээ ч мөн адил хаагдаж, цаашлаад Зүүн хүрээ (одоогийн хотын төв хэсэг)-г сүм хийд, суурьшлын хамт бүрмөсөн устгаж, Гандангийн ихэнх дацан сургуулийг буулгаж нураажээ. 1944 онд Гандангийн шашны үйл ажиллагааг хязгаарлагдмал хүрээнд нээж, 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа бурхны шашин дахин сэргэхэд Зүүн хүрээ, Баруун хүрээнээс устгасан дацан сургуулиудыг Ганданд шинээр барьж байгуулсан юм. 1992 онд Гандантэгчэнлин хийдийг Монголын бурхны шашинтны төв болгосон байна. Эдүгээ Гандантэгчэнлин хийд нь суурьшлын бүсийн хамт үлдсэн Монгол Улс дахь цор ганц түүхэн орон зай бөгөөд Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор 58 газрыг хамруулсан хамгаалалтын бүсийг тогтоожээ.
Аюулд өртөж болзошгүй Орчин үеийн өвийг тодорхойлох, баримтжуулах, сурталчлах зорилгоор 2001 оноос ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн төв, Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл, Орчин үеийн хөшөө, дурсгалт газруудыг баримтжуулах, хадгалж хамгаалах олон улсын хороо хамтран тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж, хууль эрх зүйн хамгаалалт сул, ард иргэдийн дунд үнэлэмж бага байдаг орчин үеийн архитектур, хот төлөвлөлт, ландшафтын дизайны өвийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, энэхүү өвийн ач холбогдол, түүнийг хадгалах, танин мэдэх, үнэлэх зэрэг чухал асуудлын талаарх үзэл баримтлалын сэтгэлгээний тогтолцоог бий болгохоор ажиллаж түрүүчээс нь хот төлөвлөлт, ландшафтын дурсгалыг Дэлхий өвд бүртгэсээр байгаа билээ.
Сүүлийн үед Гандан орчмын бүсийг нийтийн эдэлбэрийн зориулалтаар өөрчлөх асуудал хөндөгдөж байгаа учраас түүхэн дурсгалт газрын хадгалалт хамгаалалт, ашиглалтын талаар төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтэн, иргэдийн оролцоог хангах, нэгдсэн ойлголтод хүрэх, цаашилбал Гандантэгчэнлин хийдийн архитектур, суурьшлын төлөвлөлт, орчныг бүхэлд нь хамгаалж, “Орчин үеийн өв”-өөр бүртгэх, хадгалалт хамгаалалт, орчин нөхцөлийг сайжруулан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэхүү танин мэдэхүйн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Та бүхнийг идэвхтэй оролцож үнэтэй санал, зөвлөмж өгнө гэдэгт найдаж байна.