28/08/2026
ГАЗАР АШИГЛАЛТЫН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА
Риогийн конвенцуудын уялдаа холбоог хангах, газар ашиглалт, уур амьсгал, биологийн олон янз байдал, хүнсний аюулгүй байдлын зорилтуудыг нэгдсэн төлөвлөлтөөр хэрэгжүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг боллоо.
Арга хэмжээний үеэр Риогийн конвенцуудын хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүрэг, зорилтуудыг газар ашиглалтын нэгдсэн төлөвлөлттэй уялдуулж, хөрөнгө оруулалтын бодит боломж болгон хувиргах судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулав.
Судалгаагаар газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, хүнс, усны аюулгүй байдлыг дэмжих зорилтуудыг нэг газар нутагт уялдуулан хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо.
Газар нутгийг нэгдсэн хөрөнгө оруулалтын суурь болгон авч үзсэнээр бодлогын болон байгууллага хоорондын уялдааг сайжруулах, давхардсан зардлыг бууруулах, хөрөнгө оруулалтыг үр өгөөж өндөртэй байршилд чиглүүлэх, газар нөхөн сэргээх болон тогтвортой газрын менежментийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Мөн газар ашиглалтын нэгдсэн төлөвлөлтөд шинжлэх ухааны мэдээлэл, эдийн засгийн үнэлгээ, орон нутгийн иргэдийн оролцоо болон уламжлалт мэдлэгийг хослуулах нь хөрөнгө оруулалтын шийдвэрийг илүү үндэслэлтэй, хүртээмжтэй, хэрэгжих боломжтой болгох ач холбогдолтойг хэлэлцэв.
Монгол Улсад туршиж буй энэхүү аргачлал нь газар, уур амьсгал, биологийн олон янз байдал болон хүнсний аюулгүй байдлын зорилтуудыг нэгтгэн хэрэгжүүлэх бодит загвар болж, цаашид ижил төстэй сорилттой хуурай болон бэлчээрийн бүс нутгийн бусад оронд нутагшуулах боломжтой юм.