07/08/2026
“ABA АРГА ЗҮЙН ГЭР БҮЛД ТӨВЛӨРСӨН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монголын Аутизмын Холбооны урилгаар Монгол Улсад гурав дахь удаагаа хүрэлцэн ирсэн АНУ-ын Техасын Их Сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн багш, доктор Жэймс Д. Ли (PhD, MPH, BCBA-D) 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр эцэг эх, асран хамгаалагч, багш, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.
Сургалтаар ABA арга зүйн гэр бүлд төвлөрсөн орчин үеийн чиг хандлага, хүүхдийн утга учиртай харилцаа, бие даасан байдал, сонирхол, сонголт болон өдөр тутмын амьдралд оролцох оролцоог хэрхэн дэмжих талаар танилцуулсан юм. Мөн асуудалтай зан үйлийн цаад шалтгааныг ойлгох, хүүхдийг эерэг аргаар дэмжих, зан үйлийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд ашиглаж болох жишээ, практик зөвлөмжүүдийг хуваалцлаа.
Асуулт, хариултын үеэр эцэг эх, асран хамгаалагчид:
- хүүхдийнхээ хэрэгцээнд тохирсон боловсролын үйлчилгээг хэрхэн зөв сонгох;
- хүүхдийн зан үйлийг хэрхэн ойлгож, зохистойгоор дэмжих;
- өдөр тутмын нөхцөлд тулгардаг хүндрэлүүдэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар асууж, зөвлөгөө мэдээлэл авлаа.
Багш, мэргэжилтнүүдийн зүгээс ээж, аавуудад энгийн бөгөөд хэрэгжүүлэхэд хялбар аргаар хэрхэн дэмжлэг үзүүлэх, хүүхдээ ажиглан таньж мэдэхэд нь туслах ямар арга зүйг өдөр тутмын амьдралд ашиглаж болох талаар ярилцав. Түүнчлэн салбарын багш, мэргэжилтнүүдийг практик ур чадвараар тогтмол чадавхжуулах хэрэгцээ болон өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар санал, туршлагаа нээлттэй хуваалцлаа.
Сургалтын төгсгөлд ДЭМБ-ын боловсруулсан Асран хамгаалагчдын ур чадварыг сайжруулах сургалт (CST) хөтөлбөр болон Монгол Улсад хэрэгжүүлсэн туршилтын төслийн явц, эхний үр дүн, цаашид түгээн дэлгэрүүлэх боломжийг танилцуулсан юм.
CST хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрэлт хэрэгцээ нэн тэргүүнд байгааг эцэг эх, асран хамгаалагчид төдийгүй багш, мэргэжилтнүүд онцоллоо. Олон оролцогч дараагийн сургалт, үйл ажиллагаа хэзээ зохион байгуулагдахыг асууж, цаашид хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь энэхүү хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлага байгааг дахин харууллаа.
Оролцогчдын бүртгэл, ирцтэй холбоотой нэг чухал санамж ⁉️
Бид сургалтыг анх 80 хүний багтаамжтай танхимд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч нийт 153 хүн бүртгүүлсэн тул танхимын багтаамжийг нэмэгдүүлж, бүртгэлийг хугацаанаас нь өмнө хаахаас өөр аргагүй болсон. Үүний дараа ч олон хүн сул суудал гарахыг хүлээж, сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн.
Харамсалтай нь бүртгүүлсэн хүмүүсийн тал орчим хувь нь сургалтдаа хүрэлцэн ирээгүй бөгөөд урьдчилан мэдэгдэж бүртгэлээ цуцлаагүй байна. Ингэснээр сургалтад үнэхээр оролцох хүсэлтэй байсан бусад хүний боломж хаагдсан юм.
Иймд цаашдын сургалт, үйл ажиллагаанд бүртгүүлэхдээ оролцох боломжоо сайтар тооцож, ирэх боломжгүй болсон тохиолдолд зохион байгуулагчдад урьдчилан мэдэгдэн бүртгэлээ цуцалж байхыг хүсье. Нэг хүний хариуцлагатай шийдвэр өөр нэг эцэг эх, багш эсвэл мэргэжилтэнд хэрэгтэй мэдлэг, дэмжлэг авах боломжийг нээж өгдөг билээ.
Мөн мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан доктор Жэймс Д. Лий багшдаа талархал илэрхийлье.
Сургалтад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцон, асуулт асууж, туршлагаа хуваалцсан эцэг эх, асран хамгаалагч, багш, мэргэжилтнүүддээ чин сэтгэлээсээ талархаж байна.