17/05/2026
Мэндчилгээ
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье.
Хүн амын өсөлт, хотжилт, байгаль, нийгмийн уур амьсгал, амьдралын ба хооллолтын хэв маягийн өөрчлөлт болон гэдэсний эмгэгийн оношилгооны олон арга, технологиуд эмнэлзүйн практикт нэвтэрсэнээр гэдэсний үрэвсэлт эмгэг, хавдрын илрүүлэлт нэмэгдэж монгол улс 2019 оноос дэлхийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтийн тайланд 100.000 хүн амд 50-75 тохиолдол бүртгэгддэг улс орны тоонд орох болсон.
Гэсэн хэдий ч манай улсад гэдэсний үрэвсэлт эмгэгийн оношилгоо, эмчилгээ бүрэн шийдэгдээгүй, эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байсаар байгаа билээ. Тиймээс гэдэсний үрэвсэлт эмгэгийн талаарх судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, бүртгэлийг сайжруулах, оношилгоо, эмчилгээг олон улсын жишигт хүргэх, гадаад, дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор бид “Гэдэсний эмгэг судлалын Монголын нийгэмлэг”-ийг 2024 оны 03 сард үүсгэн байгуулж, гастроэнтеролог, хүүхдийн гастроэнтеролог, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, эмнэлзүйн эмгэг судлал, дүрс оношилгоо, лабораторийн эмч, багш нараас бүрдсэн удирдах зөвлөлийн бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Бид энэ хугацаанд 2023, 2024 оны Азийн Крон, колитын байгууллага (AOCC), Солонгосын гэдэсний эмгэг судлалын холбоо (KASID) - ны олон улсын хуралд оролцож, МГХ-ны Хоол боловсруулахын долоо хоног (DDWeek) - 2024 олон улсын хурлын үеэр гэдэсний үрэвсэлт эмгэгийн хуралдаан, Тайваний Үндэсний Их Сургуулийн профессоруудтай хамтарсан сургалтыг тус тус зохион байгууллаа.
Мөн 2025 оноос Солонгосын гэдэсний эмгэг судлалын холбоо (KASID)-той хамтын ажиллагаагаа эхлүүлж, Азийн Крон, колитын байгууллага (AOCC)-д гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлээд байна.
Гэдэсний үрэвсэлт эмгэгийн оношилгоо, эмчилгээний удирдамжийг шинэчлэн боловсруулах, олон улсаас суралцах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллах, нийгэмд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, виртуал ертөнц, цахим харилцааг эрхэмлэх нь бидний ирээдүйн зорилтууд юм.
Таныг энэхүү түүхэн цаг мөчид бидэнтэй хамт байж “Гэдэсний эмгэг судлалын Монголын нийгэмлэг”-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. ГЭСМН-ийн ерөнхийлөгч АУ-ны доктор, МУ-ын төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Очирхүрээгийн Баярмаа