14/05/2025
Оюутан байхад багш минь: "Яагаад бид Байгаль дэлхийг аварч, хамгаалах ёстой юм бэ?" гэж асуухад, олон хариулт толгойд эргэлдэж байсан хэр нь, аль нэг үзүүрээс нь барьж аваад оновчтой бас цэгцтэй хариулт өгч чадаагүй юм. Гэтэл багш өөрөө үргэлжлүүлээд: "Энэ бүгдийг хийж буй гол шалтгаануудын нэг бол Байгаль дэлхийг чадах чинээгээрээ яг энэ хэвээр нь ирээдүйн хойч үедээ үлдээх явдал юм шүү" гэж билээ. Энэ энгийн өгүүлбэр миний сэтгэлд жинтэй туссан болохоор санаанаас огт гардаггүй.
Сургуулиа төгсөөд эх орондоо ирэхэд миний мэргэжлийг бүрэн ойлгодог хүн болоод хэрэгжүүлдэг байгууллага ховор байлаа. Харин Зориг сангийн Байгаль орчны манлайлал хөтөлбөр байгаль орчны тулгамдсан асуудлуудад залуусын оролцоотойгоор шийдэл боловсруулах, туршлага хуримтлуулах боломжийг олгодог гэдгийг мэдээд Монголд оюутан байж үзээгүй, мэргэжлээрээ ажиллах боломж ховор байсан надад үе тэнгийн залуустайгаа нэгдэж нэг зорилгын төлөө явна гэж бодохоор шууд л уг хөтөлбөрт элсэх хүсэл төрж байсан. Бидний хувьд төслийн санаа олох нь хамгийн том сорилт байлаа. Гоё санаа зөндөө байвч багийнхантайгаа ярилцаж дүн шинжилгээ хийх бүрд хөрсөнд бууж, бодит үр дүн өгч чадах нь юу л бол.
Байгаль орчны олон асуудал дундаас хог хаягдал нь манай багийн анхаарлыг татаж байсан хэдий ч яг ямар төрлийг барьж авахаа шийдэж чадахгүй байв. Гэтэл, дангаар нь нэг төрлийн хог хаягдлыг шийдэх төсөл байснаас олон төрлийн хог хаягдлыг нэгтгэн, дахин ашиглах боломжтой байдлаар боловсруулж, шинэлэг бүтээгдэхүүн бүтээдэг төсөл илүү сонирхолтой, үр дүнтэй байж болох юм гэдэг дээр санал нэгдсэн. Ийнхүү The UpCycle Lab Байгаль Орчны Клуб төслийн санаа маань төрсөн. Хамгийн гол нь энэ төсөл хүүхдүүдийн идэвхтэй оролцоонд тулгуурладаг. Зүгээр нэг онолын түвшинд мэдлэг түгээх биш, харин өөрсдөө туршиж, бүтээж, өөрчлөлтийг бий болгох замаар суралцана. Төслийн маань нэг онцлог "Ид шидийн орон-2”-ын хүрээнд хэрэгжихээс гадна, сурагчид өөрсдийн сургуулийн орчинд ийм төрлийн клубийг бий болгож, үргэлжлүүлэн ажиллуулах юм.
Бидний хамгийн том зорилго бол хүүхдүүдэд Байгаль орчныг хайрлах нь дан ганц үүрэг биш, бас урамтай, бүтээлч, хөгжилтэй үйл явц юм шүү гэдгийг ойлгуулах билээ. Ирээдүйг тэд л бүтээнэ. Харин эхлэх цэгийг бид тавьж өгөх учиртай.
Зориг сангийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн 2025 оны оролцогч, “The Upcycle Lab” төслийн багийн гишүүн О.Хишиг-Ундрал
“Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг дэмжигч:
Хургатай Хайрхан
3R MCS Coca-Cola