27/06/2026
ГОВИЙН БҮСИЙН МАЛЧДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Иргэдийн оролцооны тэтгэлгийн хүрээнд “Хил хязгааргүй алхам төв” ТББ-аас хэрэгжүүлсэн “Малчдын цахим мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх” төслийн үр дүнг танилцуулах, сайн туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж, “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангах талаар уулзалт зохион байгууллаа.
Тус төслийн хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хамтран ажиллаж, говийн бүсийн 4 аймгийн 5 сумын нийт 47 малчдад цахим ур чадвар олгох сургалтыг зохион байгуулсан юм. Энэхүү сургалт нь төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, цахим шилжилтийг бодлогоор дэмжих газрын үндсэн чиг үүрэгтэй уялдан хэрэгжсэнээрээ онцлог юм.
Сургалтаар малчдад төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийг ашиглах, гар утсаараа дамжуулан төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах мэдлэг, чадварыг олгож, өдөр тутмын хэрэгцээндээ цахим үйлчилгээг үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүллээ.
Мөн d-parliament системийг ашиглан хууль, тогтоомжийн төсөлтэй танилцах, санал өгөх, өргөдөл, гомдол гаргах, цахимаар дэмжлэг үзүүлэх зэрэг иргэний оролцооны боломжуудыг танилцуулж, малчдын төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулсан юм.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн цахим үйлчилгээний нэгдсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг бөгөөд энэ хүрээнд алслагдсан бүс нутгийн иргэдийг чадавхжуулахад онцгойлон анхаарч байна.
Энэхүү төсөл нь говийн бүсийн малчдын цахим ур чадварыг бодитоор дээшлүүлж, төрийн үйлчилгээг илүү ойртуулан, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй хамтын ажиллагааны жишээ боллоо.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Хил хязгааргүй алхам төрийн бус байгууллага