08/10/2026
Англи хэлний багш нарын заах арга зүйг сайжруулах чуулган болов
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ДОУЭБ) болон Бригам Янгийн Их Сургууль (БЯИС) хамтран англи хэлний боловсролын чанарыг сайжруулах, багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг дэмжих зорилгоор англи хэлний чуулганыг долоо дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлж буй энэхүү чуулганыг Улаанбаатар хотоос гадна орон нутгийн багш нарт хүртээмжтэй хүргэх зорилгоор өмнөх жилүүдэд Дархан, Сайншанд хотуудад зохион байгуулж байсан бол энэ жил Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газартай хамтран Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн англи хэлний багш нарын төлөөлөл 100 орчим оролцогчийг хамруулан зохион байгууллаа. Оролцогчид сургалтын агуулга, практик ач холбогдлыг өндрөөр үнэлж, талархал илэрхийлж байв.
Чуулганыг БЯИС-ийн Хэл шинжлэлийн сургуулийн эрхлэгч доктор Дьюи, Англи хэлний сургалтын төвийн захирал доктор Бэн Макмурри, Англи хэлний сургалтын төвийн дэд захирал, TESOL-ийн хөтөлбөрийн профессор Карина Жэксон, багшийн сургалт хариуцсан зохицуулагч Андрэа Гонзалез нар удирдан явуулав.
Энэ жилийн чуулган “Илүү ухаалагаар заацгаая” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, англи хэл заах орчин үеийн арга зүй, судалгаанд суурилсан үр дүнтэй туршлага, сургалтын үр нөлөөг нэмэгдүүлэх практик шийдлүүдийг танилцуулсан юм. Мөн хиймэл оюун ухааныг (AI) сургалтын үйл явцад хэрхэн үр дүнтэй ашиглах талаар практик зөвлөмж, аргачлалыг багш нарт хүргэлээ.
Чуулганы хөтөлбөрт харилцаанд суурилсан дадлага сургалт, туршлага солилцох болон бусад олон талт үйл ажиллагаа багтсан бөгөөд оролцогчдод шинэ мэдлэг, арга зүй эзэмшихийн зэрэгцээ харилцан суралцах, мэргэжлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үнэ цэнтэй боломжийг бүрдүүлсэн байна.