Манай улсад жил бүр зохиогддог “Сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээн нь хүн бүрийн хүсэн хүлээдэг нэгэн сайхан арга хэмжээ байдаг. Энэ оны тэмцээнд түрүүлж, “Алтан эрдэнэ-Оюунлаг сайхан бүсгүй”-ээр шалгарсан нь миний амьдрал-залуу насны түүхийн шаргал хуудсанд бичигдэх хамгийн сайхан дурсамжтай нэгэн агшин болж үлдэхийн зэрэгцээ, залуу хүний хувьд нийгмийн нэгэн толь болж, цаашид нийгэмд хэрэгцээтэй юу хийх вэ гэдэг бодол намайг эзэмдэж байлаа. Ингээд хүсэл мөрөөдлийнхөө эрэл хайгуулд гарсан юм. Үе тэнгийн залуучууддаа хэлэхэд надад 2 зүйл их тус болсон. Тэр бол интернет хөгжсөн орчин үеийн технологийн дэвшил, миний бага, залуу насанд сурсан гадаад хэлний мэдлэг байсан.
Монголын тал нутагт намрын шар нар ээж, модны навч алтран шаргалтаж, ганц нэгээр тасран унасан тэр нэгэн өдөр уйтгартай, бас сэтгэл эмзэглүүлсэн нэгэн мэдээллийг олж сонссон минь миний хүмүүнлэгийн ажлыг эхлүүлэх шинэ санаа байлаа.
Тэр бол ээж, хоёр хүүгийн хамт “Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ”-гээр өвчилж, хүнд байдалд байгаа нэгэн гэр бүлийн тухай юм. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 3 хүүгийн хамт, өрх толгойлон амьдардаг 45 настай, эмэгтэй анх 2016 оны 7 сард олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилж, эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш даруй 2 жил гаруй хугацаа өнгөрсөн ч эхний эмчилгээ үр дүнгүй болж, маш олон эмэнд тэсвэртэй буюу эмчлэхэд хүнд хэлбэрт шилжин одоо Сүрьеэгийн эмнэлэгт 417 хоног буюу 1 жил 2 сар орчим хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ хугацаанд түүний 23 настай том хүү нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилж, одоо эмчилгээ үргэлжилж байгаа, түүний 16 настай бага хүү нь мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилж, эмчилгээг амжилтай дуусгасан. Одоо хичээлдээ явах болсон ч сургалтын төлбөргүйн улмаас хичээлдээ явж чадахгүй байгаа, өвчтэй ээжийнхээ группийн 280.000 төгрөгөөр л энэ 4 ам бүл амьдарч байгаа тухай. Мөн түүний 23 настай том хүү олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөний дараа эхнэр нь 1 нас 6 сартай охиноо аваад салж, тусдаа амьдрах болсон гээд ....эмэгтэй хүн, бас ирээдүйн ээж хүний хувьд энэ гэр бүлд хэрхэн туслах, ер нь сүрьеэ өвчний талаар мэдээллийг хайж эхэлсэн юм.
Ингээд эцэс төсгөлгүй их мэдээллээс дараах зүйлийг шинээр олж мэдсэн.
Дэлхий дээр жил бүр 10 сая гаруй хүн сүрьеэгээр өвчилдөг, 1.7 сая хүн энэ өвчний улмаас хорвоог орхидог, 15-44 насны эмэгтэйчүүдийн нас баралтын гурван гол шалтгааны нэг болдог. Эцэг, эх нь сүрьеэгээр нас барсаны улмаас жил бүр ойролцоогоор 10 сая орчим хүүхэд өнчирч хоцордог. Сүүлийн жилүүдэд эмчилж эдгэрүүлэхэд хэцүү эмэнд тэсвэртэй сүрьеэ ихсэж, жил бүр ойролцоогоор 490.000 хүн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилж, 150.000 хүн нас бардаг. Мөн сүрьеэтэй өвчтөнийг ялгаварлан гадуурхдаг, гэр бүл салдаг, ажлаас нь халдаг, удаан хугацаагаар эмчлэгддэг, үүнээс болоод орлогогүй болдог, ядуу, эмзэг бүлгийн хүмүүс их өвчилдөг талаар ...
Манай улс 3 сая гаруйхан хүн амтай. Бид энэ дэлхийн 7 тэрбум хүнтэй харьцуулахад тун цөөхүүлээ. Гэтэл жил бүр 4000 гаруй хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас нас бардаг. Мөн жил бүр 400 гаруй хүүхэд сүрьеэгээр өвчилдөг, манай улсад сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг 15-44 насныхан эзэлж, ялангуяа 15-34 насанд хамгийн өндөр байна. Ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн баялаг бүтээх үр бүтээлтэй цаг хугацааг энэхүү өвчний улмаас алдаж байгаад залуу хүний хувьд харамсах сэтгэл төрж байлаа.
Манай улсад сүрьеэгээр өвчилсөн хүний гэр бүлийн 60 гаруй хувь нь санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг, Монгол Улсад 2016-2017 онд хийгдсэн судалгаагаар олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт 3.8 дахин нэмэгдсэн, энэ цаашид манай хүн амын эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж болзошгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн судлаачид хийсэн болохыг олж мэдсэн.
Мөн манай улсад сүрьеэтэй өвчтөний 85,0%-ийг амжилттай эмчилдэг гэсэн сайхан мэдээ байгаа ч, сүүлийн жилүүдэд эмчилгээ таслах нь нэмэгдсэн нь нийгэмд нэлээд бэрхшээлийг дагуулж байна. Энэ нь өвчтөн хүндрэх, нас барах, гэр бүл, нийгэмд халдвар тараах, улмаар эмэнд тэсвэртэй, эмчилэхэд төвөгтэй, хүнд хэлбэрт шилжих зэрэг олон тулгамдсан асуудлыг үүсгэж, мэргэжилтэнүүдийн сэтгэлийг зовоосон асуудал болохыг ч мэдсэн юм.
Сүрьеэ өвчинтэй тэмцэх талаар улс орнууд болон манай улс юу хийж байна вэ, би юу хийж чадах вэ гэдэг асуултыг өөртөө тавиад дахиад л хайж эхэллээ.
Би эх орноо төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхийг гардаж авсан яг тэр өдрөөс хэдхэн хоногийн дараа АНУ-ын Нью Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганаар Сүрьеэгийн асуудлыг анх удаа хэлэлцэж, Монгол улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, илтгэл тавьж байгаа, Хятадын тэргүүн хатагтайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч болохыг олж мэдсэн нь надад сүрьеэтэй хүмүүст жаахан ч гэсэн туслаж чадах юм байна гэсэн итгэлийг төрүүлсэн юм.
Монгол улс нь Орос, Хятад гэсэн дэлхийн хоёр их гүрний дунд оршин, нүүдэлчин соёл, ахуйгаа олон мянган жил хадгалсаар ирсэн ард түмэн юм. Урд хөрш Хятадын тэргүүн хатагтайн илтгэлээс тус улсад сүрьеэгийн талаар ямар их ажил хийж, ахиц дэвшил гарч байгааг олж мэдсэн юм. Харин манай хойд хөрш юу болж байгаа нь миний сонирхолыг хамгийн их татаж байлаа. Ингээд өнгөрсөн 2017 онд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины ивээл дор дэлхийн сайд нарын хурлыг Москва хотод зохион байгуулж, Сүрьеэгийн асуудлыг хэлэлцсэн тухай мэдээлэл нь бага наснаас орос цэцэрлэг, сургуульд хүмүүжсэн надад их дотно сэтгэгдэл төрүүлсэн.
Ингээд нэг л зүйлийг би мэдсэн. Тэр бол сүрьеэ зөвхөн монголын асуудал биш Дэлхийн тулгамдсан асуудал болохыг ойлгож, Сүрьеэг устгах үйлсэд өөрийн жаахан ч гэсэн хувь нэмрийг оруулахаар сэтгэл шулуудсан юм.
“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцох Хүмүүнлэгийн ажлыг сүрьеэтэй хүмүүст туслахад зориуллаа.
“Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ”-гээр өвчилсөн ээж, хоёр хүүтэй уулзаж, мөн тэднийг эмчилж буй эмч нартай ярилцах явцад хүмүүнлэгийн ажлаа 2 чиглэлээр хийхээр шийдсэн юм.
1. Нийт хүн амд сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, сүрьеэгээр өвчилсөн хэн нэгийг ялгаварлан гадуурхахгүй байхад чиглэсэн мэдээллийг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр өргөн далайцтай явуулах
2. Сүрьеэтэй өвчтөн түүний гэр бүлд туслах “Монголын сайхан бүсгүйн” нэрэмжит сан байгуулах, түүнийг сүрьеэгээр өвчилж, тусламж хэрэгтэй байгаа эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэхэд зориулсан.
Энэ бол миний Сүрьеэг устгах үйлсэд оруулж буй ажлын эхлэл бөгөөд цаашид үргэлжилсээр байх болно. ...
Сүрьеэ эдгэрдэг бас урьдчилан сэргийлж болдог өвчин. Сүрьеэгээр өвчилсөн хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалж байна.
Miss World - Mongolia
#BEST_MOMS_BETTER_WORLD
#Хүндлэл_хүн_бүтээнэ