03/07/2026
Жил бүрийн өдийд элсэлтийн шалгалт эхлэхтэй зэрэгцэн хүүхдүүдийн дунд сэтгэл түгшилт, стресс туйлдаа хүрдэг. Нийгмийн зүгээс болон гэр бүлийн орчноос ирдэг "Заавал өндөр оноо авах ёстой", "Сайн сургуульд орохгүй бол ирээдүйгүй" гэх шууд болон шууд бус шахалт шаардлага нь хүүхдийг амьсгалах ч зайгүй болтол боомилдог байна.
Өсвөр насныхны сэтгэл зүйн онцлог нь өөрөө маш эмзэг, тогтворгүй байдаг. Тэд амжилтгүй болох, бусдын хүлээлтийг давуулж чадахгүй байх вий гэхээс үхтлээ айж байдаг. Тэр дундаа хамгийн итгэж найддаг ойр дотны хүмүүс, эцэг эхийнх нь зэмлэл, гомдолтой харц, эсвэл харьцуулалт нь тэднийг "Би хэнд ч хэрэггүй боллоо", "Би бүгдийг баллачихлаа" гэх мухардалд хөтлөх аюултайг энэ явдал бэлхнээ харууллаа.Асуудал хаана байна вэ?
Үнэлгээний туйлшрал: Манай нийгэмд хүүхдийн авьяас, чадвар, хүсэл мөрөөдлийг зөвхөн шалгалтын хэдхэн цифрээр хэмждэг тогтолцоо давамгайлж байна. Оноо бага авсан бол "арчаагүй", "залхуу" гэж цоллодог хандлага хэвээрээ байна.
Сэтгэл зүйн дархлаа ба дэмжлэг дутмаг: Хүүхдүүд уналт, бүтэлгүйтлийг хэрхэн даван туулах, стрессийг яаж удирдах талаар ямар ч бэлтгэлгүй, сэтгэл зүйн боловсролгүйгээр амьдралын анхны том даваатайгаа нүүр тулдаг.
Сонсох чадваргүй орчин: Бид хүүхдээсээ "Өнөөдөр сэтгэл санаа нь ямар байна?" гэж асуухаасаа илүү "Шалгалтандаа хэдэн оноо авахаар байна?" гэж илүү олон удаа асуудаг уу гэдгээ бодох цаг болжээ.
"Шалгалтын оноог хэзээд ч засэж, дахин өгч болдог. Харин хүүхдийн алтан амийг хэзээ ч буцааж авчирч чадахгүй."Эцэг эхчүүд, томчуудын анхааралд:
Хүүхэд тань шалгалтандаа бүдэрсэн ч, хүссэн оноогоо аваагүй ч тэднийг хайрлах хайр, тэдний үнэ цэнэ хэвээрээ гэдгийг үг үйлдлээрээ батлан харуулаарай. Одоо л тэднийг буруутгах биш, тэврээд "Зүгээр дээ, миний хүү/охин. Энэ бол амьдралын төгсгөл биш. Хамтдаа өөр зам олж чадна" гэж хэлэх хамгийн чухал үе юм.
Өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сулруулахгүй, тэдний зан араншинд гарч буй өөрчлөлт (зожигрох, дуугаа хураах, хоолонд дургүйцэх, их унтах эсвэл нойргүйтэх)-ийг анхааралтай ажиглаж, шаардлагатай бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг уриалж байна.
Нийгмээрээ, системээрээ хүүхдүүддээ онооны төлөөх уралдааны морь шиг биш, хүн шиг хандаж, тэдний сэтгэлийг хамгаалах цаг хэдийнэ болжээ. Харамсалтайгаар одсон охины гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.
Санамж: Хэрэв танд болон таны ойр дотны хэнд нэгэн сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө хэрэгтэй бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 (24 цагийн турш үнэ төлбөргүй) утсанд хандаарай. Та ганцаараа биш.
Өндөр хүлээлт үү, Өндөр дарамт уу? Жил бүрийн өдийд элсэлтийн шалгалт эхлэхтэй зэрэгцэн хүүхдүүдийн дунд сэтгэл түгшилт, стресс туйлдаа хүрдэг. Нийгмийн зүгээс бол...