21/09/2026
НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХИЙН ФОРУМЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Холбооны Монгол дахь салбар (IWFCI Mongolia) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Хариуцлагатай бизнес ба хүний эрхийн форум 2026-ын хүрээнд “Embedding Human Rights in Everyday Business: Conscious Leadership, Creative Communication and SME Resilience” буюу “Хүний эрхийг өдөр тутмын бизнест хэвшүүлэх нь: Ухамсарт манлайлал, бүтээлч харилцаа ба жижиг, дунд бизнесийн тэсвэрлэх чадавх” сэдэвт хэлэлцүүлгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бангкок дахь Хурлын төвд амжилттай зохион байгууллаа.
2026 оны форум “Building Resilience, Advancing Rights” сэдвийн дор зохион байгуулагдаж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэний нийгэм, хүний эрхийг хамгаалагчид, ажилтны төлөөлөл, академик байгууллага, залуучууд болон олон улсын байгууллагуудыг нэгтгэн, бизнес ба хүний эрхийн зарчмуудыг бодит хэрэгжилтэд шилжүүлэхэд төвлөрсөн юм.
Хэлэлцүүлгийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Оюу нээж үг хэлэн, Монгол Улсад бизнес ба хүний эрхийн чиглэлээр бий болсон бодлогын ахиц, цаашдын бодит хэрэгжилт болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь хүний эрхийг бизнесээс тусдаа, зөвхөн хууль эрх зүй эсвэл компанийн нийгмийн хариуцлагын хүрээний асуудал гэж үзэх бус, бизнесийн удирдлага, ажилтан, хэрэглэгч, нийлүүлэлтийн сүлжээ, хөрөнгө оруулалт болон өдөр тутмын шийдвэр гаргалтын салшгүй хэсэг болгон хэвшүүлэх асуудлыг бодит туршлага, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэхэд чиглэв.
БОДЛОГООС БОДИТ ХЭРЭГЖИЛТ РҮҮ
Монгол Улс Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг 2023 онд баталснаар Ази, Номхон далайн бүсэд ийм төлөвлөгөө баталсан дөрөв дэх улс болсон. 2023–2027 онд хэрэгжих тус төлөвлөгөө нь хууль, бодлогын орчныг боловсронгуй болгох, хүний эрхийн магадлан шинжилгээг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, хүний эрхийн зөрчил гарсан тохиолдолд эрх сэргээх, хохирлыг барагдуулах механизмыг сайжруулахад чиглэдэг.
Иймд хэлэлцүүлэг нь “Батлагдсан бодлого, олон улсын зарчмуудыг бизнесийн өдөр тутмын бодит үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлэх вэ?” гэсэн асуудалд төвлөрч, ялангуяа Монгол Улсын эдийн засгийн чухал хэсэг болох жижиг, дунд бизнесүүдэд хүний эрхийн ойлголтыг практик, хүртээмжтэй байдлаар нэвтрүүлэх шаардлагыг хөндлөө.
Хүний эрхийг хүндэтгэх нь зөвхөн томоохон корпорациудад хамаарах шаардлага бус, хөдөлмөрийн харилцаа, аюулгүй, эрүүл ажлын орчин, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, жендэрийн тэгш байдал, хүүхдийн эрх, байгаль орчин, нийлүүлэлтийн сүлжээ, хэрэглэгчийн эрх, орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөлөл болон хариуцлагатай хөрөнгө оруулалттай шууд холбоотой болохыг оролцогчид онцлов.
МОНГОЛ БОЛОН БҮС НУТГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА
Хэлэлцүүлэгт Монгол Улс, Тайландын Хаант Улсын хүнийн эрхийн комисс, бизнесийн төлөөлөл, академик болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хүний эрхийг бизнесийн шийдвэр гаргалтад нэгтгэх арга зам, тулгамдаж буй сорилт, хэрэгжүүлж буй туршлагын талаар санал солилцов.
Үндсэн илтгэгч, хэлэлцүүлгийн оролцогчдоор
• Махидолын их сургуулийн дэд профессор доктор Nattavud Pimpa
• Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Холбооны Монгол дахь салбарын Ерөнхийлөгч О.Байгаль
• Монгол дахь Зүүн Өмнөд Азийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ТУЗ-ийн дарга Б.Батзаяа
•Пукетийн Худалдааны танхимын дэд дарга Nappatorn Petchote
• Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Камбож дахь Түншлэлийн мэргэжилтэн С.Мойлтмаа нар оролцов.
Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Холбооны Монгол дахь салбарын Үйл ажиллагаа хариуцсан захирал О.Тэлмүүн ажиллав.
ХҮНИЙ ЭРХИЙГ ӨДӨР ТУТМЫН БИЗНЕСИЙН СОЁЛ БОЛГОХ НЬ
Хэлэлцүүлгийн үеэр хүний эрхийн магадлан шинжилгээг зөвхөн тайлагнал, нийцлийн шаардлага гэж харах бус, бизнес өөрийн үйл ажиллагаа болон нийлүүлэлтийн сүлжээнээс хүний эрхэд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, бууруулах, хариу арга хэмжээ авах удирдлагын тогтолцооны нэг хэсэг болгох шаардлагыг онцлов.
Монгол Улсын Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд ч хүний эрхийн магадлан шинжилгээний арга хэрэгслийг практикт нэвтрүүлэх, бизнес болон бусад оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх зорилтууд тусгагдсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монголын бизнесүүдэд энэ чиглэлээр сургалт, хүний эрхийн эрсдэлийн үнэлгээний дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Мөн хүүхдийн эрх, жендэрийн тэгш байдал, байгаль орчин болон эмзэг бүлгийн эрхийг нэг удаагийн нийгмийн хариуцлагын арга хэмжээ бус, байгууллагын засаглал, стратеги, эрсдэлийн удирдлага болон өдөр тутмын бизнесийн шийдвэрт системтэй тусгах шаардлагатайг хэлэлцэв.
МОНГОЛЫН ТУРШЛАГЫГ БҮС НУТГИЙН ТҮВШИНД ХҮРГЭВ
IWFCI Mongolia байгууллага нь энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсад бизнес ба хүний эрхийн чиглэлээр бий болсон туршлага, жижиг, дунд бизнесийн бодит хэрэгцээ, иргэний нийгмийн оролцоо болон үндэсний бодлогыг бизнесийн практик хэрэгжилттэй холбох асуудлыг бүс нутгийн түвшинд танилцууллаа.
Монгол Улсад Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан нь чухал ахиц боловч дараагийн үе шат нь уг бодлогыг бизнесийн засаглал, хүний эрхийн магадлан шинжилгээ, хөрөнгө оруулалтын шийдвэр, нийлүүлэлтийн сүлжээ болон байгууллагын өдөр тутмын соёлд бодитоор хэрэгжүүлэх явдал юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс мөн төлөвлөгөөний үр дүнтэй хэрэгжилтэд төр, бизнес, иргэний нийгэм болон хөгжлийн түншүүдийн оролцоо чухал болохыг онцолж ирсэн.
Бангкок хотод зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэг нь Монголын иргэний нийгмийн байгууллагаас санаачлан, бизнес ба хүний эрхийн асуудлаарх Монголын туршлага, байр суурь, практик шийдлийг Ази, Номхон далайн бүсийн олон талт хэлэлцүүлэгт хүргэж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Хүний эрхийг хүндэтгэх нь бизнесийн нэмэлт үүрэг бус, харин хариуцлагатай, тэсвэртэй, урт хугацаанд үнэ цэн бүтээх бизнесийн үндэс юм.
Embassy of Mongolia in Bangkok Mahidol University United Nations Development Programme - UNDP UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Batzaya Bodikhuu О. Тэлмүүн Baigali Ochkhuu - О.Байгаль