21/03/2026
РОТАРИ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
УБ Пийс Авенью Ротари (УБПА) Клубээс санаачлан Олон улсын Ротари байгууллагын 3450 дүүргийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх “Хойч үеэ хүчирхэгжүүлэх нь” Vol.02 төсөл нь бие болоод сэтгэл зүйн өөрчлөлт явагддаг өсвөр насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд тэднийг өөрийгөө ойлгох, танин мэдэх, бие даан шийдвэр гаргах, өмнөө зорилго тавих, түүндээ хүрэхэд нь чиглүүлэх, түүнчлэн орчин тойрны эрсдэлтэй хүчин зүйлс, хорт зуршлыг танин мэдэх, үерхэл, нөхөрлөл, нөхөн үржихүйн талаар мэдлэг, ойлголтыг олгох зорилготой болно.
Төсөл хотын захын дүүргийн сонгон шалгарсан нэг ЕБС-ийн сургууль дээр 3-р сарын 27-с 4-р сарын 17-ны хооронд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд дараах боломжуудыг олгох болно. Үүнд:
- Сургууль дээр зохион байгуулах “Өөртөө л найд” сургалтад нэг дунд ангийг (45-50 сурагч) хамруулах
- Сургууль дээр зохион байгуулах “Аюулгүй сонголт” олон улсын хөтөлбөрийн сургалтад нэг ахлах ангийг (45-50 сурагч) хамруулах
- Сургалтад хамрагдсан сурагчид дундаас 12-15 сурагчийг хүсэлтийн дагуу “Үе тэнгийн сургагч багш бэлдэх” хөтөлбөрт хамруулж эрүүл мэндийн боловсролыг олгож, сургагч багшаар бэлдэх
Ротари төслийн сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Ерөнхий боловсролын сургуулийг оролцохыг урьж байна. Үүнд:
- Хотын захын дүүрэгт байрладаг байх
- Төслийг хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
- Нийгмийн ажилтан болон сэтгэл зүйчтэй байх
- Сургуулийн урлаг/спорт зааланд харилцан зөвшилцсөн 2 өдөр сургалт зохион байгуулах нөхцөл, боломжоор хангах, хамтран ажиллах
- 2 өдөр сургалт, өдөрлөг зохион байгуулахад сургуулийн зүгээс нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар хамтран ажиллах
- Төслийн багийн хамт сонгон авсан нэг дунд ангийг “Өөртөө л найд” сургалтад (1/2 өдөр), нэг ахлах ангийг “Аюулгүй сонголт” сургалтад (1 өдөр) бүрэн хамруулах
- Сургуулийн орчноос өөр газар зохион байгуулах 2 өдрийн “Үе тэнгийн сургагч багш бэлдэх” сургалтад 12-15 хүүхдийг хариуцан авч явж, бүрэн хамруулах
- Сургалт, өдөрлөг явуулах нөхцөл буюу танхим (урлаг, спортын заал, сандал, ширээ) болон техник хэрэгслээр (дэлгэц, холболт, өсгөгч, микрофон, ус буцалгагч) хангах
Бүрдүүлэх материал
Шаардлагыг хангасан тохиолдолд 2024.03.25, Лхагва гарагийн 11:00 цагт багтаан цахим өргөдлийг https://forms.gle/x3BkX8ZaifYJKKaXA бүрэн бөглөнө үү.
Сонгон шалгаруулалтын процесс
- Сонгон шалгаруулалтын цахим ярилцлагад сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, төслийг хариуцах ажилтан зэрэг 2-3 төлөөлөл оролцох. Цахим ярилцлагыг төслийн баг 2026.03.25-ны өдөр 30-45 мин багтаан хийх ба цагийг жич товлоно.
- Сонгон шалгаруулалтын хариуг УБ Пийс Авенью Ротари (УБПА) Клубээс 2024.03.26-ны өдөр Имэйлээр болон мессежээр Сургуулийн захиралд мэдэгдэнэ.
- Сонгон шалгарсан сургуультай УБПА Ротари клуб “Хамтран ажиллах гэрээ” байгуулна.
Холбоо барих
УБПА Ротари клубын гишүүд Б.Ичинхорлоо 8012-5022, Э.Болортуяа 8809-5303