15/10/2026
“МАНЖУУР – 2026” НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монголын Оюун Ухааны Академийн Дорнод гэрээт салбар болон Оюуны спортын менежмент байгууллагууд хамтран “Манжуур – 2026” спорт өрөлт, кимастерийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн-ийг 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Манжуур хотноо зохион байгуулна.
Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн гэрээт салбаруудын 21 клубийн 250 гаруй тамирчин оролцож, хурд, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь БНХАУ болон ОХУ-аас спорт өрөлт, кимастерийн спортыг сонирхон хичээллэж буй анхан шатны суралцагчид мөн оролцож байгаа явдал юм. Ийнхүү өөр өөр орны тамирчид нэгэн дор цуглаж, оюуны спортоор дамжуулан харилцан суралцаж, туршлага солилцох сайхан боломж бүрдэж байна.
Тус тэмцээнд МЕРАКИ клубээ төлөөлөн Э.Нандинбилэг спорт өрөлтийн төрлөөр, Э.Хүслэн кимастерийн төрлөөр тус тус оролцохоор өнөөдөр тус улсыг зорилоо.
Мөн энэхүү тэмцээн нь оюуны спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, клубүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тэмцээнд оролцож буй нийт тамирчдадаа амжилт хүсье!