28/09/2026
МЭДЭЭЛЛИЙН ТҮГЭЭМЭЛ ХҮРТЭЭМЖИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР – 2026
9 дүгээр сарын 28-ны өдөр Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр буюу International Day for Universal Access to Information (IDUAI)-ийг дэлхий нийтээр тэмдэглэдэг. ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаас 2015 онд энэ өдрийг тунхаглаж, 2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей олон улсын өдөр болгон хүлээн зөвшөөрсөн.
Мэдээлэл авах эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийн салшгүй хэсэг бөгөөд хүн бүр мэдээлэл эрж хайх, хүлээн авах, түгээх эрхтэй. Төрийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр, төсөв, бодлогын талаарх мэдээлэл иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байх нь ил тод, хариуцлагатай засаглал, иргэдийн утга учиртай оролцооны чухал үндэс болдог.
2026 онд энэхүү өдрийг “Дижитал эрин дэх мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах нь: Мэдээллийн эмх замбараагүй байдлыг шийдвэрлэхэд мэдээлэл авах эрхийн ач холбогдол” сэдвийн дор тэмдэглэж байна.
Энэ жилийн сэдэв нь мэдээлэлд хүрэх боломж төдийгүй, найдвартай, үнэн зөв мэдээлэлд хүрэх боломж ямар чухал болохыг онцолж байна. Өнөөдөр худал, төөрөгдүүлсэн болон санаатайгаар гуйвуулсан мэдээлэл цахим орчинд хурдацтай тархаж буй нөхцөлд иргэдэд цаг үеэ олсон, үнэн зөв, найдвартай мэдээлэл хүрэх боломж улам бүр чухал болж байна.
Энэ хүрээнд мэдээлэл авах эрх нь мэдээллийн эмх замбараагүй байдлыг шийдвэрлэх, мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах чухал хэрэгсэл болохыг онцолж байна. Төрийн байгууллагууд мэдээллийг зөвхөн иргэдийн хүсэлтээр өгөхөөс гадна нийтийн ач холбогдолтой мэдээллийг идэвхтэй, шуурхай, ойлгомжтой байдлаар ил болгох нь иргэдийг найдвартай мэдээллээр хангах, мэдээлэлтэйгээр шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
2026 оны дэлхийн хэмжээний арга хэмжээ Сьерра-Леоны Фритаун хотод 9 дүгээр сарын 28–30-нд ЮНЕСКО болон Сьерра-Леоны Засгийн газрын хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн онцлог нь Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг Мэдээллийн комиссаруудын олон улсын 17 дугаар бага хуралтай хамтатган зохион байгуулж буй явдал юм.
Мэдээлэл авах эрх нь зөвхөн мэдээлэлд хүрэх тухай биш. Найдвартай мэдээлэлд хүрэх боломж нь иргэдэд үндэслэлтэй шийдвэр гаргах, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэх боломж олгодог. Энэ нь 2026 оны Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийн гол санаа юм.