07/01/2026
Таны биеийн аль хэсэг өвдвөл мэдрэлийн мэс заслыг эмчид хандах хэрэгтэй болдог вэ?
“Толгой өвддөг болоод хэдэн сар боллоо, хэд хэдэн ч удаа таталт өгсөн” гэсэн шалтгаанаар амбулаторид үзүүлэхээр ирсэн өвчтөн зураг авахуулаад үзэхэд тархинд нь маш том хавдар ургасан, өвчтөн өөрөө ч төсөөлж байгаагүй “тархины хавдар” гэсэн онош сонсдог. Гэтэл тархины хавдрын эрт үед толгой өвдөх, толгой эргэх, хараа муудах, бөөлжих зэрэг илэрдгийг тоолгүй хаяснаас мэдрэлийн мэс заслын практикт хамгийн үр дүнтэй эмчилгээ авч болох байсан үе шатыг аль хэдийн өнгөрөөсөн байдаг. Тиймээс танд доорх шинж тэмдгүүд илэрсэн бол мэдрэлийн мэс заслын эмчид цаг алдалгүй үзүүлээрэй гэж зөвлөж байна.
1. Толгой өвдөх
Толгой өвдөх нь мэдрэлийн мэс заслын хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдгүүдийн нэг юм. Клиникт толгой өвддөг гэсэн өгүүлэмжтэй өвчтөнийг тархины хавдартай байх магадлалтай гэж үздэг боловч ихэнх толгой өвдөлтүүд мэдрэлийн гаралтай, тархинд бүтцийн өөрчлөлтгүй байдаг. Харин доорх шинжүүд илэрвэл мэдрэлийн мэс заслын эмчид хандах хэрэгтэй. Үүнд:
(1) Толгой гэнэт хүчтэй өвдөх: Энгийн үед толгой өвддөггүй байж байгаад гэнэт хүчтэй өвдөх, бөөлжилт хавсрах нь гавлын дотор цус алдсан, цочмог үрэвсэл, хавдрын үеийн шинж тэмдгүүд юм.
(2) Толгой тасралтгүй өвдөх: Энэ нь тархины судасны эмгэг, уналт, таталт, дагзны мэдрэлийн өвдөлт, эсвэл хүзүүний шохойжилтоос шалтгаалсан байдаг.
(3) Толгой өвдөлтийн эрчим нэмэгдэх: Энэ нь гавлын дотоод даралт аажим нэмэгдсэнээс болдог. Хэрэв энэ төрлийн толгой өвдөлт нь хараа муудах, хүчтэй бөөлжүүлэх шинжтэй хавсарч илэрвэл гавлын дотоод даралт ихсэлтийн “гурван гол шинж тэмдэг” бөгөөд мэдрэлийн мэс заслын өвчнөөс шалтгаалсан байдаг.
2. Нүүр өвдөх
Үүнд нүүрний өвдөлтөөс гадна, нүд, хамар, амны хөндий болон шүдний өвдөлт орно.
(1) Хэрэв таныг нүүрээ угаах, шүдээ угаах, хоол идэх, юм ярих үед нүүрний нэг тал гэнэт, богино хугацаанд хүчтэй өвдөх, өвдөлтийн мэдрэмж нь хутгаар зүсч байгаа мэт, цахилгаан гүйдэлд цохиулж байгаа мэт, түлж байгаа мэт, эсвэл зүүгээр шивж байгаа юм шиг өвдөж байвал гурвалсан мэдрэлийн өвдөлт байх магадлалтай. Гурвалсан мэдрэлийн өвдөлт нь өвчтөнд тэсвэрлэхийн аргагүй шүд өвдөлттэй адилхан мэдрэгддэг тул өвчтөн шүдний өвчинтэй андуурч шүдний эмнэлэгт очиж шүдээ авахуулсан ч өвдөлт огт намдахгүй байсаар эцэст нь мэдрэлийн мэс засалд үзүүлдэг.
(2) Хэрэв нүүрний өвдөлтүүд хооронд завсарлагатай байвал гурвалсан мэдрэлийн захын эмгэг өөрчлөлттэй байх магадлалтай тул мэдрэлийн мэс заслын эмчид хандах хэрэгтэй.
(3) Хэлний уг, амны хөндийн гүн хэсэгт, гадаад чихний сувгийн гүн хэсэгт юм залгих үед нэг удаа, хүчтэй өвдөлт илэрвэл энэ нь хэл залгиурын мэдрэлийн өвдөлт байх магадлалтай тул цаг алдалгүй мэдрэлийн мэс заслын эмчид хандах хэрэгтэй.
3. Уналт, таталт
Уналт, таталтын хэлбэр нь гэнэтийн, нэг удаа юм уу олон давталттайгаар илэрдэг онцлогтой. Энэ төрлийн таталт нь эхэндээ дөрвөн мөчөөр гэнэт таталт өгч, улмаар бүх биеэр татдаг. Таталтын үеэр ухаангүй болох, эсвэл өтгөн шингэнээ хянах чадваргүй болдог. Хугацааны хувьд хэдхэн секундээс хэдэн минут хүртэл үргэлжилдэг.
4.Гар хөл мэдээгүйжих
Гар хөл мэдээгүйжих нь гэнэт эсвэл аажим нэмэгдэх маягаар илэрдэг. Хөнгөн хэлбэр нь халбага сэрээгээ барьж чадахгүй болох, гараасаа амархан унагаах эсвэл барихад хүндрэлтэй болдог. Хэрэв хөл мэдээгүйжвэл хөлөө чирч явах, өвдөг хүчгүй болох, улмаар сөхөрч унах, өвчтэй талын гутлын ул эрүүл талаас илүү элэгдсэн байдаг. Хэрэв гар, хөл өргөгдөхгүй, хөдөлгөөн нь ухамсарт захирагдахгүй байвал саажилт гэж нэрлэдэг.
5. Өөрийн мэдэлгүй хөдөлгөөн хийх
(1) Татганах: Дөрвөн мөч, нүүр, цээж, хэвлийн хэсгийн булчингийн өөрт захирагдахгүй хөдөлгөөн хийх бөгөөд тухайн хөдөлгөөн нь гэнэт эхлээд, гэнэт зогсдог.
(2) Салганах: Биеийн аль нэг хэсэг, эсвэл бүх биеийн өөрийн мэдэлгүй хийдэг хэмнэлтэй салгалах хөдөлгөөн, мөн булчингийн хөшилт, хөдөлгөөн удаашрал хавсарч илэрдэг.
6.Мэдрэхүй алдагдах
Хүний биеийн мэдрэхүйг өнгөц ба гүн мэдрэхгүй гэж хуваадаг. Өнгөц мэдрэхүйд өвдөлтийн мэдрэхүй, температурын мэдрэхүй, хүрэлцэх мэдрэхүй болон даралтын мэдрэхүй багтдаг бол, гүн мэдрэхүйд мөчдийн байрлалын мэдрэхүй, чичирхийллийн мэдрэхүй болон хөдөлгөөний мэдрэхүй багтдаг. Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүдийн үед эдгээр мэдрэхүйд өөрчлөлт ордог.
7. Хараа муудах, харааны талбайн алдагдал
Нүдний хараа огцом муудах, харааны талбай багасах, нүдний эмчид үзүүлээд нүдний талын өвчин илрээгүй, эсвэл нүдний уг хавагнасан бол мэдрэлийн мэс заслын тасагт үзүүлэх хэрэгтэй. Учир нь эдгээр шинж тэмдгүүд нь гавлын дотоодод үүссэн өвчлөлөөс үүдэлтэй.
8.Их шээх
Нэг өдрийн шээсний гарц хэт ихсэх, шээсний өнгө цайрах, эсвэл өнгөгүй болох, ам цангах мэдрэмж төрөх, өдөрт их хэмжээний ус уух нь мэдрэлийн мэс заслын өвчний шинж тэмдэг тул эмчил хандаарай.
9. Хэлгүйдэл
Үүнд ялангуяа хоёрдогчоор үүссэн хэл ярианы чадварын алдагдлыг авч үздэг. Өөрөөр хэлбэл анхнаасаа хэлгүй, дүлий байгаагүй боловч мэдрэлийн эмгэгээс шалтгаалан үүссэн хэл ярианы чадварын алдагдал юм. Ихэнх тохиолдолд их тархины зүүн талын хэл ярианы төвийн гэмтлээс шалтгаалсан доорх хэдэн төрлийн шинж илэрдэг:
(1) Ярихын хэлгүйдэл: Бусдын яриаг сонсоод ойлгож, түүнд хариу авиа гаргах боловч ярьж чадахгүй эсвэл ганц нэг үг ярих, ярьснаа давтаж чадахгүй байх,
(2) Ойлгохын хэлгүйдэл: Бусдын хэл ярианы утга агуулгыг ойлгох чадвар алдагдах,
(3) Нэрлэхийн хэлгүйдэл: Эд зүйлсийн хэрэглэх зориулалтыг мэдэх боловч нэрийг нь хэлж мэдэхгүй байх,
(4) Бүрэн хэлгүйдэл: Өөрийн санааг илэрхийлэх болон бусдын хэл яриаг ойлгох чадварын аль аль нь бүрэн алдагдах,
(5) Уншихгүйдэл: Харааны чадвар хэвийн, өмнө нь үсэг таньж уншиж чаддан байсан боловч одоогоор унших чадвар алдагдах,
(6) Бичихгүйдэл гарын хөдөлгөөн хэвийн боловч бичих чадвар алдагдах
10.Биений юм хэвийн бус ирэх, сүү гарах
Биений юмны мөчлөг алдагдах, хугацаа тогтворгүй болох, хэмжээ багасах, цаашлаад биений юм ирэхгүй байх, жирэмсэн болон төрөөгүй үед хөхнөөс сүү гарах, сүүний хэмжээ бага боловч хөхийг саахад сүү гарах, 2 талын хөхнөөс гарах зэрэг нь өнчин тархины хавдраас үүдэлтэй бөгөөд хараа муудах шинж хавсарсан байж болно.
Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд мэдрэлийн мэс заслын эмчид цаг алдалгүй хандаарай. Танд эрүүл энхийг хүсье!
#урьдчилсансэргийлэлт
#эрүүлэхлэл
Эрүүл амьдралын жигүүр Wings of the healthy life