18/12/2024
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм ёсоор улс гүрэн хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих явдлыг хөхиүлэн дэмжих үүрэгтэйг анхааралдаа авч, хувь хүн бүр бусад хүн болон хамт олныхоо өмнө үүрэг хүлээхийн сацуу энэхүү Пактад хүлээн зөвшөөрсөн эрхийг хөхиүлэн дэмжих, сахиулах талаар чармайх ёстойг анхааралдаа авч, дор дурдсан зүйлийг тохиролцсон ба энэхүү пактын 18 зүйлд ийнхүү заажээ.
1.Хүн бүр чөлөөтөй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөний зэрэгцээ ганцаар буюу бусадтай хамтран олон нийтэд буюу хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны болон зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэг номлох эрх чөлөө багтана.
2.Хэний ч өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөг хязгаарлахаар албадан шахах ёсгүй.
3.Шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөөг зөвхөн хуулиар тогтоосон болон нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс хязгаарлаж болно.
4.Энэхүү Пактад оролцогч улс эцэг эхийн болон зохих тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчдын үр хүүхэддээ хувийн үзэл итгэлийнхээ дагуу шашны болон ёс суртахууны хүмүүжил олгох эрх чөлөөг хүндэтгэх үүрэг хүлээнэ.