06/01/2026
Хуульч Б.Гүнбилэг: Монголын авлига бол ганц нэг албан тушаалтны ёс суртахууны асуудал биш, харин...
Яагаад Сонгууль, Улс төрийн нам, Прокурорын хуулийг системийн авлигын зангилаа гэж үзэж байгаа вэ? гэвэл:
Монголын авлига бол ганц нэг албан тушаалтны ёс суртахууны асуудал биш, харин нам–сонгууль–прокурор гэсэн гурвалжин дээр тогтсон системийн авлига юм.
1. Яагаад энэ 3 хууль “цөм” нь вэ?
Яагаад гэвэл авлигын эх үүсвэр нь намын санхүүжилт, түүний нэвтрэх суваг нь сонгууль, авлигачийг эрсдэлгүй болгож байгаа нь шүүх эрх мэдлийн байгууллага, тэр дундаа прокурорын босоо тогтолцоо болж байна.
А. Улс төрийн намын хууль- авлигын эх үүсвэр болох үндсэн шалтгаан нь нам мөнгө босгох ёстой. Мөнгө босгохын тулд бизнесийн бүлэглэл, төрийн тендер, лиценз, концесс гэсэн асуудалд улс төрчид хошуу дүрдэг. Бизнесээ амжилттай явуулахын тулд бизнес эрхлэгчид улс төрийн нам, улс төрчдийг санхүүжүүлдэг, дараа нь “буцааж төлөх” үүргийг улс төрч, түүний нам хүлээнэ. Намын санхүүжилт ил тод биш учир төр барьсан хойно авлига зайлшгүй үзэгдэл болж таардаг.
Б. Сонгуулийн хууль-авлигыг төрд оруулах үндсэн хаалга болж өгдөг. Үүний учир шалтгаан нь өндөр зардалтай сонгууль. Зөвхөн тухайн сонгуулийн жилд мөнгө тараахгүй гэх боловч тойрогт ухуулагч нэрийн дор бэлэн мөнгө, бэлэг тараах, нөлөөллийн сүлжээгээ аль өмнө нь хийчихдэг. Сонгогдсон хүн “Энэ мөнгөө буцааж олж авах ёстой” болно. Тэр нь авлига, албан тушаалын гэмт хэрэг. Манайд сонгууль нь авлигын суурь болчихсон.
В. Шүүх эрх мэдэл, тэр дундаа прокурорын хууль-авлигад хариуцлага тооцох ёстой ч чадахгүй байгаа систем. Прокурор улс төрөөс хараат, сонгогддог, томилогддог бүтэц нь эмзэг, “том авлига”-д хүрэхэд хэрэг замхарна. Эсвэл улс төрийн сонголтоор шийдэгдэнэ.
Шударга хариуцлага байхгүй учраас улс төрийн эрх мэдэлтэнд авлига эрсдэлгүй болно.
2. Тэгэхээр юуг өөрчлөх ёстой вэ?
Системийн авлигыг системийн шинэчлэлээр л шийднэ.
А. Улс төрийн намын хуулийн шинэ философи.
Зорилго: Намыг “мөнгөний машин” биш болгох.
Үүнийг хийхийн тулд гол өөрчлөлт юу байж болох вэ?
-Намын орлогын 70% нь улсын санхүүжилт байх, Герман, Канад зэрэг улсууд шиг.
-Хандивын дээд хязгаар маш бага байх ёстой. Бизнесээс хандив авахыг бараг хориглох, намын бүх санхүүг ил тод платформтой болгох. Монгол Улс аливаа том авлигын асуудал, тэр дундаа уул уурхайтай холбоотой асуудал босч ирэхэд олонхи, цөөнхөөс үл шалтгаан бизнесийн ямар бүлэглэлийн төлөөлөл вэ? гэдэг нь илт харагдахуйцаар улс төрчид хуваагдаж, хэний санхүүжилтээр улс төрд амжилттай явж байгаагаа илэрхийлэх мэт, хэвлэлийн бага хурлууд дээр жагсан зогсож байгаад байр сууриа илэрхийлдэг болсон.
Б. Сонгуулийн хуулийн шинэ философи.
Зорилго: Сонгуулийг бодлогын өрсөлдөөн болгох.
Гол өөрчлөлт: Сонгуулийн зардал бага байх, хатуу дээд хязгаар тогтоох. 2024 оны сонгууль бол маш их зардалтай болсон. Тойргуудад тэрбум, тэрбумаар зарлагдахыг сонгуулийн хууль өөрөө зөвшөөрсөн нь авлигыг хуульчлан хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон. Сонгуулийг бага зардлаар хийдэг, зөвхөн сонгуулийн жилээр хязгаарлахгүй бүтэн 4 жилийн хугацаанд бэлэг, сэлтийг хааж чадах хууль баталвал түүнийг зөрчсөн этгээдэд
шууд нэр дэвших эрх олгохгүй байх, нэр дэвших эрхийг 8–10 жил хасах, санал худалдаж авсан бол эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Жагсаалт болон мажоритарын зөв балансийг дахин тогтоож, жижиг мажоритар байсан ч сонгуульд их мөнгө зарцуулах боломжгүй болгох, хяналтаа сайжруулах.
3. Прокурорын хуулийн шинэчлэл.
Зорилго: Том авлигад хүрдэг, “айдаггүй” прокурор бий болгох.
Гол өөрчлөлт:
-Ерөнхий прокурорын босоо тогтолцоог хэвтээ болгох. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэнийг ч бай мөрдөн шалгаж, улайлгадаг бүрэн боломжтой болгох (Румын, Итали, Солонгосыг харьцуулсан эрх зүйн обьектоор авах), УИХ + Ерөнхийлөгч + шүүхийн төлөөллийн дундын шийдвэрээр Ерөнхий прокурорыг томилдог тогтолцоо бүрдүүлж, Ерөнхий прокурор зөвхөн нэг удаа томилогддог байх.
Авлигын тусгай прокурор бий болгож, улс төрөөс бүрэн тусгаар, төсөв нь баталгаатай, “том албан тушаалтан”-ны хэргийг заавал шалгах чиг үүрэг нэмж, прокурорын мөрдөн байцаах албыг сэргээх зэрэг ажлын энэ улс хийх хэрэгтэй байна.
Энэ гурван хуулийг заавал хамтад нь өөрчлөх ёстой. Хамтад нь өөрчлөхгүй бол юу болох вэ?
Зөвхөн аль нэгийг өөрчилвөл прокурор дарамтанд орно, сонгуулийн санхүүжилт улам далд хэлбэрт шилжинэ, улс төрийн намын хуучин хүмүүс хуучин тоглоомоо л тоглоно. Гурвууланг нь зэрэг өөрчлөхгүй бол систем дасан зохицоод л үлдэнэ.
Би үүгээр юу илэрхийлэв?
Хувь хүний авлига ярьсангүй, ёс зүй, ёс суртахуун гэж хуурсангүй, институцийн загварыг хэллээ.
Улс төрчид хууль санаачлаад, тунгааж ажил хэрэг мөд болгох эсэхийг таашгүй. Уг нь энийг би биш, бодлогын түвшнийхэн ярих ёстой юм.
Монгол Улс энэ гурван хуулиа өөрчилж байж, үндэсний хувьд эрх чөлөөт, тусгаар тогтнолоо бүрэн сэргээх юм.
Энэ хүртэл уншсанд, талархал илэрхийлье.
Таныг хүндэтгэсэн,
Хуульч Болдбаатарын Гүнбилэг
2025.12.29