15/01/2026
Манлайлал гэдэг бол та бусад хүнтэй та хэрхэн харилцаж байгаагаар тодорхойлогддог.
1954 онд Японы нэгэн эмнэлэгт нуруу нь хугарсан америк цэрэг ямар ч хөдөлгөөнгүйгээр, зөвхөн доошоо харан хэвтэн эмчлүүлж байжээ.
Сууж чадахгүй. Толгойгоо ч хөдөлгөж дөнгөхгүй. Тиймээс хардаг юм нь шал. Хааяа өвдөлт гайгүй бол ном тавиулж уншина. Амьд ч гэлээ тамд уначихсан мэт өдөр хоногууд өнгөрч байлаа. Гэтэл гэнэт тэр орж иржээ.
Тэр гэдэг нь Мэрилин Монро. Мэрилин Монро цэргийн баазуудад очиж, олон зуун цэргийн өмнө тоглолт хийсэн түүх байдаг. Тэгэхдээ зүгээр ч тайзан дээр дуулаад өнгөрөлгүй, эмнэлгээр орж, шархдаж гэмтсэн, ядарч сульдсан цэргүүдтэй уулзаж, итгэлийн гал түгээжээ.
Энэ цэргийн хэвтэж буй тасагт ормогцоо Монро өөрийг нь харахгүй гэдгийг ойлгомогцоо сөхрөн суугаад, дээшээ харан хэвтсэн байна. Тэгээд эмнэлгийн орны доогуур толгойгоо оруулан цэргийн өөдөөс инээмсэглэжээ. Гэхдээ энэ бол амжилттай дарсан кадр болохоос биш урьдчилан зааж өгсөн үйлдэл биш гэнэ.
Дэлхийн хамгийн алдартай эмэгтэй орон доогуур нь толгойгоо шургуулаад харахад цэрэг инээмсэглэжээ. Монро ч хариу инээмсэглэж буйг та харж байна. Хэдэн секунд ч гэсэн өвдөлтөө мартсан байх гэж найднам.
Үнэндээ энд Монро гэдэг нь ч чухал биш юм шиг. Зүгээр л хүний нүүрийг өөдөөс нь харах боломж энэ л байж. Монро алга ташуулах гэсэнгүй, аугаа мэргэн үг хэлэх ч гэсэнгүй. Зүгээр л өөрт байгалиас өгөгдсөн мэдрэмж, сэтгэлээрээ цэрэгт ингэж ханджээ. Хүн хүндээ инээд бэлэглэсэн, урам хайрласан жирийн гэмээр мөртлөө жирийн биш агшин юм. Хөл дээрээ босоод явж буй хүн, тэр байтугай толгойгоо дааж чадаж буй хүн бусдын царайг харж чадна. Харин зөвхөн доош л харахаас өөрийг чадахгүй хүн хэнийг ч харах боломж үгүй. Гэтэл Мэрилин Монрог харж болж байдаг.
Мэрилин Монро яагаад Дэлхийн хайрыг булаасан цуутай од байсныг ч ойлгуулах шиг. Тэр зөвхөн эгдүүтэй, тачаангуй жүжигчин бүсгүй байгаагүй ядарсан хүний төлөө өвдөг сөхрөх сэтгэлтэй хүнлэг нэгэн байжээ.