24/09/2026
МЭДЭГДЭЛ
Монгол Улсыг олон улсын тавцанд төлөөлөх нь улсын нэр хүнд, үндэсний соёл, өв уламжлал, үнэт зүйлс, үндэсний брэндийг дэлхийд таниулахтай холбоотой хариуцлагатай үйл хэрэг юм.
Aзиан Фючир ХХК нь олон жилийн түүхтэй Miss World /Дэлхийн Мисс тэмцээний Монгол Улс дахь албан ёсны лицензийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс 2005 оноос Miss World тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд бид Miss World Mongolia төслийн хүрээнд үндэсний ялагчийг шалгаруулах, төлөөлөгчийг бэлтгэх, олон улсын тэмцээнд оролцуулахын зэрэгцээ Монголын өв соёл, үндэсний хувцас, урлаг, аялал жуулчлал болон хүмүүнлэгийн үйлсийг дэлхий нийтэд сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж ирсэн.
“Miss World Mongolia” хүмүүнлэг, гоо сайхны наадам нь Монгол Улсын эерэг дүр төрх, өв соёл, хүмүүнлэгийн үйлсийг олон улсад хүргэх соёлын сурталчилгааны платформ болон хөгжиж байна.
Дэлхий дахинд олон төрлийн миссийн тэмцээн зохион байгуулагддаг бөгөөд тэдгээрийн цар хүрээ, нэр хүнд, зохион байгуулалтын бүтэц харилцан адилгүй байдаг.
Сүүлийн үед Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын миссийн тэмцээнд оролцож буй төлөөлөгчийг сонгосон эрх, шалгуур, үйл явц болон Монгол Улсын нэр, төрийн далбаа, үндэсний бэлгэ тэмдгийг ашиглаж буйтай холбоотой асуудлаар олон нийтийн дунд асуулт, хэлэлцүүлэг үүсээд байна.
Бид Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын тавцанд төлөөлөх хүн нь Монгол Улсын иргэн байх ёстой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Miss Grand International байгууллагад албан ёсны тодруулга хүсэж, Монгол Улсыг төлөөлөх эрхийг хэнд, ямар үндэслэлээр олгосон; Монгол Улсыг хариуцсан үндэсний захирал болон лиценз эзэмшигчийн эрх, статус, Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож буй төлөөлөгчийг сонгосон үндэслэл, мөн Монгол Улсын нэр, төрийн далбаа, үндэсний бэлгэ тэмдгийг ашиглаж буйтай холбоотой асуудлаар тайлбар хүссэн болно. Албан ёсны хариу ирсний дараа холбогдох мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэнэ.
Цаашид бид Монгол Улсын Соёлын яам болон холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран Miss World Mongolia-ийн олон улсын платформ, сүлжээ, туршлагыг Монголын соёл, өв уламжлал, аялал жуулчлал, хүмүүнлэгийн үйлс болон үндэсний брэндийг олон улсад таниулахад үр дүнтэй ашиглах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд нээлттэй байна.
Монгол Улсыг дэлхийн тайзнаа төлөөлөх нь хариуцлага.
Монголын нэрийг дэлхийд таниулах нь бидний хамтын зорилго.
MISS WORLD MONGOLIA
AЗИАН ФЮЧИР ХХК