18/09/2025
Монголын Номын Сангийн Холбооны хамтран үүсгэн байгуулагч, Баруун Вашингтоны Их Сургуулийн номын сангийн монгол судлалын сан хөмрөгийн эрхлэгч, дэд профессор Цэрэндоржийн Мөнхчимэгийн "Баруун Вашингтоны Их Сургуулийн хагас зуун жил бүрдүүлсэн Монгол номын сан хөмрөгийг танилцуулах нь" семинарт урьж байна.
Хамтарсан судалгааны семинар 2025 оны 9-р сарын 24-ний өдөр 11:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоотод болно. Сонирхсон хүн бүрд нээлттэй.
СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
Америкийн Нэгдсэн Улсын Баруун Вашингтоны Их Сургууль нь Монгол Улсын Их Сургуультай 2014 онд анхлан хамтын ажиллагааны гэрээ хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл монгол судлалын багш солилцооны хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөр, монгол судлалын ном бүрдүүлэлт, зуны сургалт зэрэг олон талын хамтын ажиллагааг идэвхтэй, амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Баруун Вашингтоны Их Сургууль нь Хойд Америк дахь монгол судлалын нэгэн чухал төв бөгөөд тус сургуулийн номын сан нь монгол судлаач, профессор Хэнри Шварцын санаачилгаар монгол судлалын чиглэлийн номын хөмрөгийг 1973 оноос бүрдүүлж эхэлсэн байна. Түүнээс хойш өнөөг хүртэл 50 гаруй жилийн хугацаанд 22,000 гаруй монгол судлалын ном бүрдүүлж, АНУ дахь хамгийн олон монгол судлалын номтой номын сан болжээ.
Баруун Вашингтоны Их Сургуулийн Олон улсын харилцааны албаны Багш солилцооны хэлтсийн захирал, доктор Марк Грийнберг, тус сургуулийн монгол судлалын номын сан хөмрөгийн эрхлэгч, ахлах багш Ц.Мөнхчимэг нар 2025 оны 9-р сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд зочилж, МУИС болон Баруун Вашингтоны Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутнуудад ямар ямар боломж байгаа тухай, мөн тус сургуулийн монгол судлалын номын сан хөмрөгийн талаар илтгэл хэлэлцүүлэх тул сонирхсон эрдэмтэн судлаач, монгол судлаач, оюутан суралцагч Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Холбоос: https://dep.num.edu.mn/mhhsh/?p=3557