09/09/2026
“ЦӨЛЖИЛТ ААЖМААР БИШ, ЭРС ТҮРЭМГИЙ БАЙНА”
Эхний яриандаа би монголын говь хээрийн бүсэд үзсэн харсан зүйлээ ярьсан. Энэ удаадаа цөлжилтөд уул уурхайн нөлөөтэй эсэх талаар зарим нэгэн жишээ ярьяа.
6 сарын 30-ны оройхон бид Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 100 гаруй км яваад Гурван Баянгийн говьд байх Бадрах Энержийн ураны хайгуулын кэмпд хүрэв. Кэмпийн үүд орчимд байх гүний өрмийн худгаас ус авч буй усны тэрэгний жолооч биднийг ихэд сэжиглэнгүй харж байна. Ойрмогхон байх гэрт шагайвал нэг залуу зүүн орноос ухасхийн босоод, мэндийн зөрөөгүй шахам, “Юун хүмүүс вэ? Та нар яах гэж яваа юм?” гэж байна..
“Бид говь нутагт цөлжилтийн нөхцөл байдал, говийн байгал, мөн цөлжилтийн эсрэг хийж буй ажил үйлсийн тухай баримтат киноны зураг авч яваа “Цөлийн дуу хоолой” нэртэй экспедиц. Юуны өмнө зам асууя. Энэ говийн хамгийн тод замыг дагахаар явсаар танай аль нэгэн кэмп рүү оччихоод болохгүй байна. Аль замаар нь явбал Зүүнбаян орох вэ? Хоёрт, энэ танай кэмпээс холгүй харагдаж байгаа ойжуулсан газрыг үзэж, зураг бичлэг авьяа”.
Улаанбадрах сумаас гарахын өмнө газрын зураг харахад кэмпийн ойролцоо мод тарьсан томоохон талбай харагдаж байсан юм.
“Өө үгүй үгүй. Юу зураг авах вэ? Юун дураараа юм”
“Бид зүгээр л танай тарьсан модны зураг л авна шүү дээ. Тэр зөндөө их талбайд мод харагдаж байна. Энд ямар нэгэн өөр зорилго байхгүй, баримтат киноны зураг” гэх мэтээр жаахан учирлав. Залуу харуул нь бололтой юм. Жаахан аярч, гайхаж байснаа нэг утас өгч, “Энэ хүнтэй ярь” гэлээ. Дуу хоолой нь нас залуувтар бололтой нэгэн утас авч байна. Учир зорилгоо хэлбэл “Манайх ямар нэгэн зураг авхуулдаггүй ээ. Та нар бушуухан яв” гэж байна. Яагаад зураг авхуулдаггүй талаар ямар нэгэн тайлбар хэлсэнгүй.
Урантай холбоотой хэл ам, хэрүүл тэмцэл ихээс тийм адайр ааштай болцгоосон биз гэж бодох ч тарьж ургуулсан мод бутныхаа зургийг авхуулахаас яагаад цааргалдгийн учрыг олсонгүй. Иймэрхүү үзэгдлийн араас юу төрдөг вэ гэхээр сэжиг л төрдөг юм.
Энэ явдлын өмнөхөн бид Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Агаруут багийн малчин С.Жамбалсэнгэтэй уулзсан юм. Тэрбээр “Манай урдхан Модон харын кемп гээд байгаа, хятад ирээд арваад жил болж байна. Хайрга авах гэхээр тэднээс зөвшөөрөл авдаг гэх юм. Уг нь бидний л өсөж төрсөн, монголын л нутаг баймаар юм. Юу болоод байгааг ойлгох юм алга. Хайргаа ч авч чадахгүй болох нь. Уул уурхай яах вэ, авдаг юм аа, авна биз. Харин тэр овоолсон шороогоо буцаагаад булчихгүй юм, сэргээчихгүй юм. Тэр их хэцүү байна. Булаг ус их ширгэж байна. Кемп байгаа газар Баянбулаг гээд сайхан булаг байсан, тэр ширгэсэн. Баруун тийшээ өвөл, зунгүй оргилж байдаг Хангийн булаг гэж байдаг, муудсан сурагтай. Манай энд жижиг булгууд ер нь бараг л байхгүй болж байна. Буцаагаад сэргээчихдэг бол, болдог бол ганц хоёр мод суулгачихдаг болоосой” хэмээн ярьсан юм.
Харин бид Гурван Баянгийн говьд ганц хоёр мод байтугай хэдэн зуугаар нь суулгасантай таараад зураг авах гэсэн биш хөөгддөг юм байна. Хэрвээ одоо Бадрах Энержийнхэн үүнийг харж буй бол тайлбараа өгнө буй за.
С.Жамбалсэнгэ гуай яриандаа уул уурхайн кемп байгаа газарт ус худаг, булаг ширгээд байгааг дурдсан. Энэ хэр бодитой вэ? Ийм яриатай олонтаа таарав.
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын урд талын Бортээг багийнхан бол маш тодорхой ярьж байлаа. 2013 оноос Тавантолгой компани энэ бүс нутагт өрөм тавьж, 5 гүн өрмийн худгийг Бортээг багийн нутагт гаргасан боловч багийнхан нийтээрээ эсэргүүцэж байгаад ашиглуулсангүй. Худаг бол гарах нь гарсан. Гэвч тус багийн нутгийн урд захаар, Цогтцэций сумын нутагт 14 гүний өрмийн цахилгаан худаг гаргажээ. Одоо тэдгээр гүний худгуудаас минутад 6 тонн шахдаг асар том хоёр хоолойгоор 3000 тоннын усан сан руу дамжуулаад усаа шахаж байгаа гэнэ.
Таван толгойн Дулааны цахилгаан станцын мэргэжилтнүүд малчдад тайлбарлахдаа “Эдгээр гүн өрмийн худгууд гаргах нь хөрсний усанд ямар ч нөлөө байхгүй. Бид доор байгаа усыг л авна гэсэн. Бараг метр хэмжээний ус байлаа гэхэр 1 мм-ийг л ашиглана гэсэн үг” хэмээн жишин тайлбарлаж байжээ.
Ер нь Хүрэнтооромоос Хөнжилийн зүүн хоолой дагасан асар том гүний усны сав буй ажээ.
Гэтэл бодит байдал огт өөрөөр эргэсэн гэнэ. Бортээг багийн Наймдайн хөндий нь отрын бүс нутаг байж. Наймдайн худаг нь хэдэн мянган мал ирээд өдөр шөнөгүй услахад эхний хоёр кольцоноос доош ордоггүй тийм л ус ихтэй.
2013 оноос Наймдайн худгийн өнөөх их ус шавхардаг болоод, 2022 оноос бүр 8 тэмээ ч усалж хүчрэхээ больжээ. Аргаа барсан нутгийнхан нийлээд худгаа ухаж, лайвдаж, элс шороог нь хэдэнтээ гаргаж үзжээ. Гээд болсонгүй. Мянга мянгаараа мал багширч байдаг Наймдайн худаг одоо орхигдож, элс шороонд дарагджээ.
Бортээг багийн малчин Т.Пүрэвдорж ярьж байна. “Бид тэгээд өнөөх ТТ компанийн гүний өрмийн худаг руу орохоос өөр аргагүй болсон. Гэтэл компаниас үе үе хүмүүс ирж, компанийн худагт зөвшөөрөлгүй, дураараа халдлаа гэх мэтээр хэл ам хийдэг. Усгүй болсон бид тэгээд өөр яах юм бэ? Хатаж үхэх үү? Ингэж гүний усаа ихээр ашигладаг нь зөв юм уу? Хэн хариулах вэ?”.
Тус багийн засаг дарга С.Отгонбаатар “Ганц Наймдайн худаг ч биш, энэ хавийн бүх худгуудын ус эрс багассан. Ихэнх нь ширгэсэн. Аргаа бараад л малчид маань компанийн гүний өрмийн худаг руу очиж байна. Малчид маань өөр яах юм бол? Нутгаа хаяад нүүх үү? Нүүе гэхэд хаашаа нүүх юм бэ? Очих газар байгаа юу?” хэмээн ХЭН НЭГНЭЭС асууж байлаа.
Тэрбээр цааш нь “Хөрс, бэлчээр улам хуурайшиж байна. Хуурайших хэрээр бороо хур орох нь магадлал бага болно. Ургадаг ургамал ч цөөрлөө, сийрэгжлээ. Хогийн ургамал оронд нь гардаг болов. Энэ өөрчлөлт аажмаар биш, эрс түрэмгий байна. Энэ янзаар бол миний дараагийн дараагийн үе болоход энэ говь нутаг эзэнгүй болно”.
“Эзэнгүй болно”. Энэ үг яг л шөвгөөр хатгаад авах шиг болов.
Компанийн удирдлагууд, төрийн томчууд ирээд “Малчдаа дэмжинэ” л гэдэг юм. Бас ТВ-ээр ч тэгээд л ярьцгаадаг. Дэмжиж болно, гэвч усгүй, бэлчээргүй болоод ирэхээр бид мянган дэмжлэг аваад яах ч юм билээ хэмээн тус багийн малчид гайхаж байлаа.
Ганц Цогт-Овоогийн 5, Цогтцэцийн 14 худаг биш, энэ хөндийгөө дагаад зүүн тийшээ Манлай, Загийн усны заагаар ч олон худаг гаргасан байна билээ.
Ингэхэд гүний усны хэт ашиглалт нь хөрсний усанд нөлөөтэй юу? Манайхан хоёр тал болчихоод их маргадаг.
Говь нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Сэддоржоос энэ талаар асуухад “Ямар ч эргэлзээгүй. Гүний усны хэт ашиглалт хөрсний усанд ноцтой нөлөөтэй” гэв.
Гадаргын доорх усны давхаргууд хоорондоо нягт холбоотой байдаг тул гүний усыг шавхах үед хөрсний дээд хэсгийн чийгшил болон хөрсний усны түвшинд шууд өөрчлөлт ордог ажээ. Яагаад гэвэл гүний болон хөрсний ус нь гидрологийн организмын хувьд нэг систем.
Ямар ямар өөрчлөлт ордог вэ гэхээр,
- юуны өмнө хөрсний усны түвшин доошилно.
- хөрсний чийгшил буурах, хуурайшилт үүсэх:
- хөрсний суулт үүсэх:
- ургамал, экосистем доройтох:
Тэгвэл одоо яах вэ? Монголын төсөвт юугаар ч орлуулашгүй жин, үүрэгтэй ТТ төслөө зогсоох уу?
Р.Сэддорж гишүүн ярьж байна. “Орхон-Онги, Хэрлэн-Говь төслүүдийг нэн яаралтай эхлүүлэхгүй бол болохгүй болсон”.
Орхон болон Хэрлэн голын дунд, адаг урсгал орчмын бүс нутагт экологийн сүйрэл болно гэдэг шалтгаанаар олон жил яригдсан энэ хоёр төслийг эсэргүүцдэг нь олон. Яг л Сырьдарьяа, Амударьяа хоёр мөрний усны урсацад нөлөөлснөөр Арал тэнгис ширгэж, хүн төрөлхтний түүхэн дэх экологийн аймшигт сүйрэл болсон шиг юм болно хэмээн болгоомжилдог.
Гэвч өөр боломж бий гэнэ. Голын үндсэн урсацад нөлөөлөхгүйгээр үер, борооны усны илүүдлийг усан сан байгуулан нөөцлөөд, тэндээсээ суваг хоолойгоор дамжуулан говьд хүргэх боломжтой хэмээн тус төслийн талынхан итгэлтэй хэлж байна. Хоолойгоор дамжуулдаг нь усны хөрсөнд нэвчих болон ууршуулахгүй, алдагдалгүйгээр говьд хүргэх зорилготой. Аму мөрний усыг нь зүгээр л элсэн говь дундууд аварга суваг татаад урсгачихсан, бараг 60 хувь нь элсэнд шингэж, халуунд ууршиж...
Бас говь нутгаас сонгогдсон гишүүн Н.Наранбаатар Орхон-Онги төслийг яаралтай эхлүүлэхээр болсон тухай мэдэгдээд орхив.
Цөлжилтөд Уул уурхайн нөлөөллийн нэг том жишээ бол Онги гол юм. 2000-аад оны эхэн үеэс Онги голын эхэнд уул уурхайн компаниуд алт ухаад, там болгочихсон. Урсгалыг нь өөрчилж, хааж боож, шороо угаасан. 2008 он гэхэд ус ихтэй үедээ машин гаталгадаггүй байсан, 3 аймгийн 9 сумын нутгаар 435 км урсдаг, дотоод урсгалтай монголын нэгэн томоохон гол тасарсан. Голын сав газраар аж төрдөг хэдэн сумын ард иргэд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин Ц.Мөнхбаяраар толгойлуулан босоцгоосон. Тэсэхээ байгаад Мөнхбаяр уул уурхайн компанийн машин техник рүү буудсан, шоронд ч орсон.
Гэвч нэгэнт ширгэсэн гол дахиж сэргэхэд урт удаан хугацаа шаарддаг ажээ. Үе үе урсгал нь орж ирэх ч хатаж хуурайшиж, ангасан савруугаа шингээд, адагтаа хүрэхэд ихэд тамирддаг байна. Тус голын адагт байх Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын засаг дарга Ж.Байгал, мөн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын засаг дарга Ж.Өлзийжаргал нар бүр нүдэнд харагдтал бидэнд ярьж өгөв.
Дундговь аймгийн нутаг хамгийн их цөлжилтөд өртсөн. Энэ хавар л гэхэд 60 хоног тасралтгүй шуурчээ. Энэ ярианд дунд хэн нэг нь “Аргагүй шүү дээ. Онги гол бол Дундговь аймгийн баруун хойт талаар эмжиж бүтэн урсдаг гол. Тэр гол байхгүй болохоор манай аймгийн нутагт чийг яаж ирэх юм бэ, хур бороо яаж орох юм бэ? Хуурайшчихаар шуурга яаж тогтох юм бэ?” гэж халаглав.
Тэгэхээр нэг л хариуцлагагүй уул уурхайн компанийн урхаг бүтэн аймгийн ард иргэд, ахуй амьдралд нөлөөлж байгаа хэрэг үү? Нэг гол ус, нуур цөөрөм хатахаар бүс нутагтаа хэрхэн нөлөөлдөг вэ?
Өмнөговь аймгийн Сэврэй сумын тариаланч, уран дархан, соёлын өв тээгч С.Эрдэнээ гуай нэг сонин үг дуулгав. Тэрбээр “Эзнээгийн Гашуун нуур ширгэчихсэнээс хойш манай нутагт бороо орохоо байчихсан”.
Эрдэнээ гуайн ярьж буй Эзнээгийн Гашуун нуур нь БНХАУ-ын Өвөрмонголын Автономит улсын Алшаа аймгийн Эзнээ хошуунд байх нуур юм. Манай хилийн Шивээ хүрэн боомтоос урагш, 50 орчим км газарт байх, Эзнээ голын цутгалаар бий болдог нуур. Хэмжээгээрээ манай Бөөнцагаан нууртай ойролцоо. Эрдэнээ гуайн нутаг Өмнөговь аймгийн Сэврэй сумаас даруй 200 гаран км зайтай. Уг нуур яагаад ширгэсэн бэ гэхээр Кунлуны их уулсаас эх авдаг Эзнээ голын дунд урсгалыг Гансугийн орчимд боож, их хэмжээний тариаланд ашигласнаас болжээ. Өнгөрдөг хавар би Эзнээгээр тэнэж, Далайн хөвийн хөгшидтэй уулзаж явахад энэ түүхийг ярьж байлаа. Эзнээгийнхэн Төрийн түвшинд зарга хэлцээ болж байж, жаахан ус авдаг болсон гэсэн. Юутай ч Эзнээ гол жаахан мэлтэгнэсэн, шивэгнэсэн юм урсаж харагдсан.
Хэрвээ дархан Эрдэнэ гуайн яриаг зөв гэх аваас нэг ус булаг, цөөрөм, нуур ширгэх нь бүс нутагтаа ямар цар хүрээтэй гамшиг авчирдаг болохыг нотолно.
Бид уул уурхайтай холбоотой, тухайлбал, Оюутолгойн гүний усны ашиглалт, Ундайн голын хувь заяа гэх мэтчилэн өөр олон жишээ баримт, үзсэн харсанаа ярьж бичиж болох ч энэ хэдхэн жишээ энэ удаадаа хангалттай байх гэж бодож байна.
Юутай ч мэргэжлийн судлаачдын судалгааг иш татахгүйгээр хариуцлагагүй уул уурхай монгол орны бэлчээр нутгийн цөлжилтөд нөлөөлж байгаа юм байна гэсэн ойлголт төрсөн билээ.
Уул уурхайн ашиглалтын талбай нь манай нийт газар нутгийн 1.3% байдаг гэнэ. (1,700 гаруй тусгай зөвшөөрөл). Харин хайгуулын талбай 3.1% (3,000 орчим тусгай зөвшөөрөл).
Хэдий 100-ны нэг гаруйхан хувь ч нөлөөлөхдөө хүрвэл багадахгүй, бүс нутаг даяар нь хамран доройтуулах боломжтой. Олон жил ярьж, хэрэлдэж байна дөө, бид энэ талаар. Гэвч одоо нэг дорвитой шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол энэ янзаар хол явахгүй болох нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын малчин Т.Пүрэвдоржийн яриаг сонсож суухад тод ойлгогдсон билээ.
Аа, тийм. Нэг зүйлийг заавал хэлэх хэрэгтэй. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын төвд ирээд, 70 гаруй км-т байх Айлбаянгийн нүүрсний уурхайн бүсд нутагладаг айлын эзэгтэйтэй утсаар ярьсан юм.
Бүсгүй юу ярьсан бэ гэхээр "Та нар ирээд нүдээрээ үз. Та нарт аягалсан цайг уугаад ёзоорыг нь хараарай. Дор нь жижиг жижиг хар тунадас үлдэнэ. Бид ийм л орчинд амьдарч байна. Уушиг ам юу болж буйг мэдэх юм алга. Нүүе гэхэд хаашаа нүүхээ мэдэхгүй байна" гэсэн юм. Энэ нүүрсний уурхайн тоосжилтын тухай яриа болно. Харамсалтай нь бид очиж чадаагүй. Бензин ч дууссан, бензин авдаг мөнгө байгутай бор ходоодоо баясгах ч юм дууссан, нэлээн аяншсан байснаас тийш очиж чадаагүй. Намар үргэлжлүүлээд явна гэсэн бодолтойгоор Хөвсгөл сумаас өөр тийш хөдөлсөн билээ.
Энэ яриа маань цааш үргэлжилнэ. Энэ удаад зөвхөн Уул уурхайтай холбоотой асуудлыг хөндлөө. Анхааран сонссон та бүхэнд баярлалаа.
/COP17-д боломж гарвал хэдэн цувралаар яриа бэлдсэн юм/ Эхнийхийг нь монгол болон англиар нийт 3 салбар хуралдаанд ярьсан. Дараа нь боломж гарсангүй учир үүгээр цувралаар хүргэж байна.
Voice of the Desert экспедицийн ахлагч Б.Номинчимэд
/Дараагийн сэдвүүд нь Малын тоо толгой, малчдын ахуй амьдрал, хувь заяа, цөлжилтийн эсрэг хийж буй ажил үйлс, алдаа оноо, Арал тэнгис Аралкум цөл болсон сургамж гэх мэт болно/