04/06/2026
⁉️Хөгжлийн банкны захирал, Хотын даргын орлогчоор ажиллаж байсан Н.Мандуул Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа ажигласан зүйлсээ хуваалцлаа.
Тэрбээр "Монголын ирээдүйд санаа зовж явдаг 40 гарсан эцэг хүний хувьд Монгол хүний хүний саруул ухаанд итгэдэг зөрүүд зан хөдлөөд тэр эрсдэлүүдийг үл тоон хэдэн үг тэрлэсү. Би өөрөө либерал арт системээр боловсрол эзэмшсэн, аливаа зүйлсийг нээлттэй ярилцаж байж идээ бээрээ шахна, урагш зөм зам руугаа алхана гэж итгэдэг хүн.
1. Монголчууд бид яг одоогийн систем бүтцээр том мега төсөл хийнэ гэдэг бол худлаа гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Төрийн албаны систем нь тэгж бэлтгэгдээгүй, нэг бол хулгай, нэг бол хариуцлагаас зугтана. Хөөрхий хурган дарга, мэргэжилтнүүдийн буруу биш, хууль дүрмийг дараа нь яаж ч өөрөөр тайлбарлаж болдог гэдгийг маш тодорхой, тод томруунаар олон кейс гаргаад цацаад, шоронд хийж харуулаад сургачихсан. Survival instinct. Тэгээд тэр зохицуулж байгаа дүрэм журам, стандартууд маш түүхий, уялдаагүй, дараа нь ёстой хэнийг ч хэрэгт хийх боломжтой. Туулын хурдны замын кейс үүнийг маш сайхан харуулж өгөөд миний эргэлзээг бүр сайхан тайлаад өгсөн. Тэр олон зам гүүр, барилга байгууламжийн стандартууд нь Монголын стандартаа дагах юм уу, тэр фидикээ дагах юм уу, хэн ч мэдэхгүй. Бид өөрсдөө бэлэн биш байна.
Нэг төсөл санаа гаргаад түүнийгээ хэнтэй хамтарч хэрэгжүүлж, дундаас нь юм унагах уу гэж бүгд гүйлдэнэ. Найдвартай түншүүд хайна. Тиймэрхүү гаргалгаа гаргаж өгөөд, ашгаа авдаг гадны “менежментийн” компаниуд ч олон. Аль төсөл, аль дийлээ түлхэх үү гээд тойрч суугаад бялуугаа хуваана (би ийм схемд оролцож үзээгүй ээ, гэхдээ олон жил төрд ажиллалаа, гадарлаад байна, educated guess, logic гэх юм уу, би жишээ нь ийм зүйл хийе гэсэн бол ингэж хийх байсан гэх юм уу даа). Багийн гишүүд мэдээж ажил үүргээ хувааж авна, улс төрөө хэн даах юм, ПР-аа хэн угаах юм, бичиг цаасаа хэн хийх гэх мэтчилэн.
Гэхдээ буруу аргаар явсан юм тэгж байгаад нэг газар очиж бүдэрнэ. Тэрийг нь өрсөлдөгч нар нь, бялуунаас хоцорсон гомдогсод нь отоод сууж байна, тэгээд хөөрхий эх орондоо ирж чадахгүй шувуу болох нь тэр. Ганц хэрэгжиж чадсан нь ОТ төсөл. Одоог хүртэл ямар их хэл ам дагуулж байна, хар даа. (гэхдээ бас яг хэрэгжсэн үү гэдэг маргаантай)
Гарц тэгээд юу байх юм? Том мега гэж нэрлэж шоудахгүйгээр дунд зэргийн, дундаас багахан хэмжээний төслүүдийг pilot хэлбэрээр хэрэгжүүлж, тэр процессын үедээ дүрэм журам, ойлгомжгүй стандартаа засах ёстой. Ингэж байж системээрээ, институциэрээ арай дээрдэнэ, арай олигтой юм хийхэд бэлтгэгдэнэ. Суурь нь байхгүй юман дээр мянган мөрөөдөл яриад дахиад нэг улстөрчийн карерыг дуусгасан л зүйл болох болов уу даа.
2. Төрийн ажлууд feedback system
Бас нэг анзаарсан зүйл бол манай төрийн анхан шатны нэгжээс дээшээгээ эргэх холбоо байхгүйтэй адил. Ерөнхий сайд, ЗГ нь бөөн юм болж, баахан бичиг цаас, судалгаа гэж байж нэг шийдвэр гаргана. Тэр нь ЗГ дээрээ яамдын санал гэсээр байгаад улцайна. Хэрэгжүүлэх нийслэл дээр ирээд ажлын хэсэг, хурал гэж байгаад шал өөр болно. Эцэст нь дүүрэг дээр чиглэл болж ирээд, тэндээсээ иргэдэд очихдоо танигдахгүй болно. Нөгөө анхны гоё юм бодож эхлүүлсэн ажил нь 180 градус эргэнэ.
Анхны дизайн нь буруу байж болно, нөөцөө хэт өөдрөгөөр тооцсон байж болно. Заримдаа зарим ашиг сонирхлыг хөндсөн байж болно (нийтийн тээврийг богинын эргэлтэд оруулж чадахгүй байгаа шиг, жишээ нь). Ямар ч гоё санаа худлаа амлалт болж үлддэгийн нэг гол шалтгаан энэ. Үүнийгээ мэдсэн улс төрч нар сүүлдээ шинэ санаа санаачилгыг эхлүүлэхгүй, өөрсдөөрөө авторлахгүй. Реформ хийгдэхгүй. Сонгогчид бухимдана, улс төр, төр засгийн шийдвэрүүдийг сонирхохоо болино. Нүдний далдуур авлигачид нь зоолно.
Шийдэл юу байж болох вэ гэж үү? Олон зүйлээс хамаарна. Эхлээд төрийн албан хаагчдаа ялгаварласан байдлаа зогсоох. Яам тамганд нь мундагууд нь, анхан шатан дээр муунууд нь юм шиг ялгаварлалаас болоод амьдрал мэдэхгүй хүүхдүүд шийдвэр гаргаад, буцаж фейлдээд. Бас нэг чухал зүйл, анхан шатнаасаа feedback авдаг тогтолцоог бий болгох. Шийдвэрүүд нь амьдралтай байна уу, шалгаад, буцаагаад хурдан засаад явдаг маневр манай төрд хэрэгтэй байна аа.
Сүүлд нь хэлэхэд, мөнгөндөө биш шүү. Аливаа асуудлыг дан төсөв мөнгөөр шийднэ гэх нь дэндүү залхуу, бодлогогүйн шинж. Мөнгө гэдэг чинь өөрөө капитал нөөц биш, ажиллах хүч, техник технологи, процессын efficiency, менежментийн ур чадвар - эдгээр чинь капитал. Асуудал гарангуут төсөв хуваарилаад шийднэ гээд хана мөргөхийг олонтаа харлаа. Зохион байгуулалт, коммуникациа зөв хийгээд явбал уул нь манай нийгмийн олон асуудал амархан шийдэгдэхээр юм билээ" гэв.
Эх сурвалж: Nyamdeleg