29/07/2026
"ХҮН БҮРИЙН ХИЙСЭН ЖИЖИГ ЭЕРЭГ, САЙН ҮЙЛДЛҮҮД НЭГДЭЖ, НИЙГЭМД ТОМ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ"
Бүс нутгийн улс орнуудын залуучуудыг нэгтгэн, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, манлайлах ур чадварыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүр Монгол Улсад зохион байгуулдаг Зүүн Азийн Улаан загалмайн залуучуудын зуслан цугларалт Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд гурав дах өдрөө үргэлжилж байна.
Зуслан цугларалтад Монгол, БНСУ, Япон, БНХАУ болон Хонконг, Макаогийн Улаан загалмайн 60 гаруй залуучууд оролцож "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход залуучуудын оролцоо Жижиг үйлдэл - Том нөлөө” уриан дор нэгдэж, хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаархи мэдлэг, туршлагаа солилцож байна.
Энэхүү уриа нь хүн бүрийн өдөр тутам хийдэг өчүүхэн мэт санагдах сайн үйлс, сайн дурын оролцоо, эерэг хандлага нь нийгэмд томоохон өөрчлөлт, урт хугацааны эерэг нөлөө авчирдаг гэсэн санааг илэрхийлж, энэхүү уриагаар залуучуудыг өөрсдийн хийж чадах энгийн үйлдлээс эхлэн хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулахыг уриалж байгаа юм.
Нэг хүний санаачилга, нэг сайн дурын ажил, нэг удаагийн тусламж, нэг эелдэг харилцаа зэрэг жижиг үйлдлүүд нэгдэн олон хүний амьдралд эерэг нөлөө, өөрчлөлтийг авчирч, илүү энэрэнгүй, хүртээмжтэй, гамшигт тэсвэртэй нийгмийг бий болгох хүч болдог гэсэн утга юм.
Мөн Залуучуудын хүмүүнлэгийн манлайллыг хөгжүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмжих, бүс нутгийн залуучуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, "Жижиг үйлдэл" бүр нийгэмд "Том нөлөө" үзүүлдэг болохыг бодит туршлагаар ойлгуулахад оршиж байна.
Өөрчлөлт үргэлж том алхмаас эхэлдэггүй. Харин хүн бүрийн хийсэн жижиг сайн үйлдлүүд нэгдэж, илүү энэрэнгүй, аюулгүй, тогтвортой ирээдүйг бүтээдэг.