23/09/2026
“Тэгш Тусгал” ТББ-ын хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих” (EPSO, 2023-2026) болон “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх” (MDLI, 2026-2028) төслийн хамтарсан баг 2026 оны 9 сарын 10-11-ний өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж, сургалт, уулзалт, туршлага солилцох цогц арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
- 2026 оны 9 сарын 10-ны өдөр Аймгийн музейн хурлын танхимд MDLI төслийн баг орон нутгийн сонсголгүй иргэдэд зориулан “Сонсголгүй хүний соёл”, “Монгол дохионы хэлний цахим толь бичгийг ашиглах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж, Монгол дохионы хэлний хэрэглээ, хөгжлийг дэмжихэд чиглэсэн мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өглөө.
Мөн өдөр Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд EPSO төслийн хамтрагч байгууллагуудын оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, туршлага солилцох өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд оролцогч байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн ажил, сайн туршлагыг харилцан танилцуулж, туршлага солилцов.
- 2026 оны 9 сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад төрийн байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх түвшний ажилтан, албан хаагчид оролцов.
- Сургалтын үеэр “Бяцхан гэрэлт цох” Боловсрол, сургалтын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өсөлт хөгжил, нийгмийн оролцоо, харилцааг дэмжих зорилготой “Морин засал эмчилгээг Монголд нутагшуулах нь” санаачилгын ач холбогдол, үр нөлөө болон хэрэгжилтийн эхний жилийн туршлагаас хуваалцав.
- Харин “Амжилтын гэгээн од” ТББ хөгжлийн бэрхшээлийн суурь ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, мөн тохируулгатай ажлын байрны талаарх сургалтыг зохион байгууллаа.
- Түүнчлэн MDLI төслийн дохионы хэлний судлаачид сонсголгүй хүний тухай ойлголт, сонсголгүй соёл, Монгол дохионы хэлний цахим толь бичгийг ашиглах аргачлалын талаар мэдээлэл хүргэсэн. Ингэснээр сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, оролцоо, хүртээмжийн талаарх ойлголтоо бататгаж, ажлын байранд тэгш оролцоо, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, боломжит тохируулгыг хэрхэн хангах талаарх мэдлэг, ойлголтоо өргөжүүлсэн.
- Мөн өдөр аймгийн Засаг дарга орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон томилолтын багийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзсанаар талуудын оролцоог хангасан гурван талт дүгнэх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанар, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ, санал санаачилга болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний чиглэлээр санал солилцов.
Хэнтий аймагт зохион байгуулсан сургалт, уулзалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, дэмжин ажилласан Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон Нийгмийн бодлогын хэлтэст чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Lähetysyhdistys Kylväjä
Ulkoministeriö - utrikesministeriet
#тэгштусгал
#ХэнтийАймаг
#мүдххз
#ХүртээмжтэйНийгэм