Богд Зонхова

Богд Зонхова Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Богд Зонхова, Nonprofit Organization, Архангай аймаг, Эрдэнэбулган сум. Булган уулын өвөр дэх Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийд, Tsetserleg.

04/11/2024

"Богд Зонхова" гэгээнтэн “Бодь мөрийн зэрэг”-тээ бясалгалын талаар хэрхэн айлдсан тухай өөрт чухал санагдсан зүйлээ хөрвүүлэн сонирхуулахад:
… Сэтгэлийг буяны зоригдолд ахин дахин чиглүүлэн уяж, тэрхүү зоригдол, байр байдлаа дадуулахыг бясалгал гэж хэлдэг.
Тэргүүлшгүй цагаас өөрөө сэтгэлийнхээ эрхэнд орж, сэтгэл нь өөрийн эрхэнд ордоггүйн дээр бүр нисваанис тэргүүтэй түйтгэрлэгч бодлуудыг даган зүглэдэг учир гэм алдаа бүхнийг үүтгэдэг.
Бясалгал нь ийм сэтгэлийг өөрийн эрхэнд оруулж хэрхэн яаж хүсэж байгаа шигээ буяны зоригдолд ашигладаг болохын тухайтад юм.
Гээд аль олдсоноо зоригдолд барин дадлагажуулаад байвал ямар нэг буяны зоригдолд өөрийн хүссэний дагуу өдий хэмжээтэй, ийм дарааллын дагуу хийе гээд яаж ч хийсэн явж өгдөггүй тул буяны зоригдолд ямар дагуу хүссэн шигээ сэтгэлийг ашиглаж сурахад том саад болох бөгөөд анхнаас нь өөхшүүлээд сурчихвал бүтэн насны буяны дадлагажилт нь гэмтэй болж одно.
Тиймээс анхлан аль дадлагажуулах зоригдлуудын тоо хэмжээ болон дараалалыг магадлан тань. Тэгээд яаж магадлан танисны дагуу түүнээс өөр бусдад анхаарлаа алдахгүй шүү хэмээх хүчтэй шийдлийг хэд хэдэн удаа бодоод яаж магадласны дагуу түүнээс илүү, дутуугүйг санамсар, мэдэмсэртэйгээр дадуулан үйлд.
Энэ үеийн дадуулга нь, эхлээд багшийг шүтсэнээр “Бурхны хутгийг түргэн олох” тэргүүтэй тус эрдэм болон үл шүтсэнээр “энэ болон хойтод зовлон олох” тэргүүтэй гэм үрүүдийг сана.
Тэгээд “Багшийн гэмийг бодсон оюуныг ер бодохгүй юм шүү” хэмээх боомтлох сэтгэлийг олонтаа төрүүлж, сахил болон дияан, билиг оюун хийгээд сонссон /мэдлэг/ тэргүүтэй эрдмүүдээс өөрийн аль мэдэхээ санан бодож сэтгэл тунгалагширсан байдалтай сүсэг төрөх хүртэл бясалга.
Тэгээд өөрт тус болсон хийгээд ирээдүйд туслах зарлигийн ачуудыг дээр судраас эш татсан мэт санаад чин зүрхнээс бишрэл төрөх хүртэл бясалга.
Сүүлд нь ямар мэт үйлдэх нь, хураасан буянуудаа “Ерөөлийн хаан” болон “Далан ерөөлт” тэргүүтний үүднээс ахуй болон эцсийн ерөөлийн орнуудад хүчтэй дуршилаар зориулан үйлд. Тэр мэтээр үүр, өглөө, үдээс хойш, оройн гээд дөрвөн тунд бясалган үйлдэх ба гэхдээ анхан хугацаа нь урт бол живэх, догширохын эрхэнд орох нь хялбар бөгөөд түүнд дадчихвал оюунаа засахад бэрх тул тунг богино, тоог олон үйлд. Бясалгах хүсэл ихсэх үед нь таслан зогсоовол дараагийн удаа мөн хийхийг шимтэн хүснэ. Бусдаар бол “суудлаа харах үед бөөлжис оргино” хэмээсэн мэт болно. Багахан тогтвортой болвол тунгаа уртасга. Тэр бүгдэд үйлдэлээ хэтэрхий чанга ягшмал болон хэтэрхий сул орхисон гэм үгүйгээр бясалгавал тэгснээрээ саад бага бөгөөд хэт алжааж ядрах болон живэх, будангуйрал тэргүүтэн амарлих болмуй…

Орчуулсан: Идгаачойнзинлин дацангийн Гавж Эрдэнэ Гүндсампил

МИГЗЭМИЙН  ТАЙЛБАР ҮЗЭСГЭЛЭНТ СУВДАН ЭРИХ ХЭМЭЭГДЭХ ОРШИВЖонэ Дагбашадүв лам зохиов.Намо гүрү манзү гоха яаЭх болсон хам...
07/09/2024

МИГЗЭМИЙН ТАЙЛБАР ҮЗЭСГЭЛЭНТ СУВДАН ЭРИХ ХЭМЭЭГДЭХ ОРШИВ

Жонэ Дагбашадүв лам зохиов.

Намо гүрү манзү гоха яа

Эх болсон хамаг амьтаныг илбэ адил хэмээн айлдаж, үнэмшин шунахуйн зорилгогүй
Энэрэн нигүүлсэхүй гарахын орны их сан Аръяабал эрх баялаг
Эн хязгаарлашгүй мэдэгдэлийн оронд эндүүрэн мунхрахын хиргүй агаад ямарчлан айлдахын эрхийг олсон Зөөлөн эгшигт (Манзушир) лүгээ ялгалгүй бөгөөд,
Эндүүрч торолгүй ном бүгдийг хоцроолгүй үзэхэд тэнсэлдэн ханьсахаас алсарсан цаст Төвөдийн мэргэдийн оройн чимэг Домад Зонхагаас мэндэлсэн
Ижилдэн ханьцашгүй дээд лам Сумадигирдийн цог хэмээх алдар саатсан алин түүний өлмийд бишрэн залбирмуй.
Дээд хийгээд нийтийн шид бүтээлийг өршөөн соёрх.

Тэндээс үүнд гэтэлгэгч их Зонховагийн залбирлын эрхэм шим зүрхэн болсон мигзэм хэмээн алдаршсаны үг утгыг номлоход хоёр.
Өмнө одуулах хийгээд үесийн утга болой.

Анханд нь,

Богд лам нь магад утгандаа гэтэлгэгч Зөөлөн эгшигт лүгээ мөн чанар ялгалгүй тул эрдэм сэтгэшгүйн суурь мөн бөгөөд түүгээр үл барам Лхобраг Дүвчиний бясалгал үзэгдлийн вивигридэд Майдарын хувилгаан болон үзэгдсэн хийгээд Ялгуусан Аглагч бээр үзүүлэгч бурханы хувилгаан хэмээн номлосон байх тул нэгэн хязгаарт магадлахад бэрх бөлгөө.

Эдүгээ дүр төрх, бие лагшинд ч эгэл ариун хуврагийн ёсыг барьж, сонсох, санах, бясалгах гурав, номлох, туурвих, тэмцэх гурвын зохиол нь, Хутагтын орны итгэл Нагаржунай болон цог төгөлдөр Зандраа мэт байтугай, түүнээс бусад мэргэд бүтээлч бүгдийг ч сүрээр дарсан аваас Төвөдийн мэргэн бүтээлчдийг үзтэл юун өгүүлэх тэргүүтнийг намтар цадигаас мэдэх хэрэгтэй байнам.

Тэр ч мөн чанарыг шүлуухан өгүүлсэн мөн буй за. Яруу найрагаар тансаглан машид атгаглах чимэг болгох мэт их хөөрөөр өгүүлсэн нь бус болой.
Энэхүү залбирал нь богдын зарлиг заримаас,

“Хиргүй айлдахын эрхэт зөөлөн эгшигт
Хэмжээлшгүй энэрэхийн их сан нүдээр үзэгч
Хэлбэршгүй цастын мэргэдийн оройн чимэг Рэндаба
Хэтэрхий залуу оюутын өлмий лянхуад сөгдмүй
Гэтлэхийг хүссэн зөгий намайг тэтгэн соёрх”

хэмээн гарсан бөгөөд тэр ямагтыг богд өөрөө бээр өөрийн лам Живзүн Рэндабаад өргөсөнд тэрээр энэ магтаал надад зохихгүй, гагцхүү чамд зохино хэмээн зарлиг болж, богд ламд буцаан өргөсөн тул бичих цагт хэмжээлшгүй хэмээхийг нь зоригдолгүй, Рэндабагийн утгыг богд өөрт нь хувиргасан юм хэмээн зарлиг үргэлжлэлд алдаршсан мэт болой.

Хоёрдугаарт хоёр,

Үгийн утга хийгээд түүнд хязгаарыг бага зэрэг шинжлэх болой.

Анханд нь.

Нигүүлсэхүй нь дотроо амьтанд зорьсон нигүүсэл, номд зорьсон нигүүсэл, зоригдолгүй нигүүсэл лүгээ гурав буйгийн анхан нь зорихуй орон амьтан мөнх бус хийгээд үнэхээр бүтсэнгүй тэргүүтний төлөв эс ургасан бөгөөтөл зовлонгоос аврахыг хүсэхийн нигүүсэл ба хоёрдугаар нь амьтан мөнх буст хийгээд өөрөө дангаар оршин чадахаар эд буйгаар хоосорсон мэтээр ялангуяа болсноор зовлонгоос аврахыг хүсэх нигүүсэл хийгээд гуравдугаар нь амьтан үнэхээр бүтсэн үгүйн төлөв ургасны үүднээс зовлонгоос аврахуйг хүсэх нигүүсэл лүгээ тэр гурваас хойдох нь дээд бөгөөд түүний эрхээр болвоос, зоригдол орон зовлон амьтан нь өвөрчлөнгөөр хоосон хэмээхийн магадлалыг өмнө нь илгээж тэр мэт өвөрчлөн үгүй эдгээр амьтдыг хамаг зовлонгоос гэтэлгэсүгэй хэмээхийн ёсоор үнэнд баримтлахын зорилгын тушаагдал байхгүй энэрэл их нигүүсэл гарах орон мөн учраар их сан буюу эрдэм тэдгээр лүгээ төгссөн нүдээр үзэгч эрх баялаг лугаа адил бөгөөд түүгээр үл барам ямар мэт хэдий чинээгээр хурсан хамаг зүйлсийг илтэд үзэхүйд эндүүрлийн хир нарийн төдийхэн ч үгүйгээр ямарчлан тодорхой айлдахын эрхин манлай зөөлөн эгшигт (Манзушир) лүгээ ялгалгүй агаад судар дандарын гол утга бүгд хийгээд ялангуяа цастан үүнээ урьд заларсан мэргэн бүтээлч хэн бээр ч мэдэж чадаагүй гүн утгыг ямарчлан үзсэн тул замбутивын олон мэргэдийн эрхэт оройгоор мөргөн үйлдсэн тул тэдний оройн чимэг эрдэнэ адил болсон дорно Зонхова бөлгөө.

Зонха хэмээх нь мэндэлсэн орны нэр бөгөөд тэр ч зонжон уул байдаг болон сонгино ургадаг оронд мэндэлсэн хэмээх хоёр зүйл номлол буй амуй. Цорж Дондовринчэний дэргэд машид гарахуйн цагт Лувсандагби-бал хэмээх алдарыг олсон алин түүний ялгамжтай эрдмүүдийг дурдахын үүднээс лагшины доорд хэсэг өлмийн лянхуад бишрэнгүйгээр залбирмой хэмээх нь бодит утга болой.

Хоёрдугаарт хязгаарыг шинжлэхүйд.

Тийн бөгөөс Рэндабаад өргөсөн цагт хэмжээлшгүй энэрэхийн хэмээн номлосон атал энд зоригдолгүй хэмээн гарсаны ялгаа юун бэ хэмээвээс, зарим нэгэн, тийн хэмжээлшгүй хэмээн өгүүлсэн нь дөрвөн цаглашгүйн доторхи цаглашгүй нигүүлсэл мөн бөгөөд энд нь зоригдолгүй нигүүсэл мөн хэмээн номлов. Бас тэр нь тоо хэмжээг нь хэмжиж баршгүй амьтнаа зорьсон тул хэмжээлшгүй хэмээгдсэн буюу. Үүнээ зорилтгүй хэмээсэн утга ч тэр амуй хэмээн хэлэвч, өөрийн ёсон нь үгийн утгын үест номлосон мэт мөн буй за.

Тийн атал богдын зарлиг ямагтаас хэмжээлшгүй хэмээн гарсан нь цаглашгүй амьтанд зорьсон утга мөн гэх нь дөхөмтэй. Хиргүй нь нисваанис ба мэдэгдэхүүний түйтгэрийн хир байхгүй гэсэн утганд ер номлож болох ч энд эндүүрэх хийгээд мунхрахын хиргүй хэмээн номлох үест буусан үзэгдэнэ. Бас энд богдыг магтсан үес атал Аръяабал, Манзушир бурханыг магтсан мэт болсон нь барилдлагагүй болой хэмээвээс тэр гэмгүй бөгөөд түүний утга нь өмнөх мэт, энэхүү залбирал нь Аръяабал, Манзушир, Богд Зонхова гурвын ердийн залбирал болговоос дотроо үл харшлах агаад хоёр, гуравдугаар мөрөөр дашрамд хүчит Очирваань лугаа адилтган үзүүлсэн хэмээн номлосон мэтээс үзвэл богд лам ямагтыг язгуурын гурван итгэл лүгээ ялгаа үгүй хэмээхийн үүднээс магтсан хийгээд Аръяабал нь цөвүүн цагийн нийт амьтан хийгээд ялангуяа Төвөдийн оронд шашин төр хоёрын үүднээс үлэмж их зарлигийн ачтай ба Манзушир нь ерөнхий амьтан хийгээд Төвөд оронд номын зарлиг ач үлэмж их бөгөөд Аръяабалын алдрыг өгүүлвээс тус эрдэм машид их болох нь судрын аймаг хуурцаг, модны зохиол, Аръяабалын үндэс судрын аймаг цагаан лянхуа тэргүүтнээс илэрхий агаад Манзуширийн алдарыг өгүүлвээс тус эрдэм үлэмж их нь алдар өгүүлэх хийгээд эрдэнэ давхарлиг тэргүүтнээс номлосон бөгөөд тэр ч тийн тэр хоёрын алдараас бишрэн өгүүлсний тус эрдэм нь буман бурханы алдарыг өгүүлсэн лүгээ адил хэмээн номлосон бөгөөд хэрэг тэр мэтийг үзсэнээс энд тэр хоёрын нэрийг өгүүлж залбирсан амуй.

Чингэхэд энэ залбирал нь богдын бусад залбиралаас үлэмж ялгамжтай тул адистид гарах нь бусад лугаа адилгүй болой. Тиймийн тулд богд ямагтад залбирал тавихуйгаар голлон үүнийг анхааран авч үйлдэх бөгөөд саналыг барин мэдвээс язгуурын гурван итгэлд ч залбирсаны үйлдэлт өмнө өгүүлсэн түүгээр бүтэх мөн бөлгөө.

Өгүүлрүүн,

Өвөрчлөн бэлгэ билгүүний өөрийн дүрс баттай хүрд ямагт нь
Үснир шанх юугаа огоорч цаст орон үүнээ
Үзэсгэлэнтэй эл шарын заншилд шүтэж чадагчийн шашины
Үнэн бат тэрэгний журмыг нээгч гэтэлгэгч лам ялгуутугай.

Алин түүний залбирал дээд чандмань эрдэнийг
Асар зөв үгийн тайлбарын дуазын үзүүрт зүүсүгэй
Ариун сайн номлолыг хүсэн чухалчлагч оюун төгс нүгүүд
Анхаарч тахил өглөгийн тухайд энд баяссаар энд хурагтун.

Ямар мэт түүнээс олсон энэ цагаан буяны язгуур
Ялихгүй өчүүхэн буй түүнийг ч төрөл бүхэнд
Ялгуусан бурханы эш онолын шашин хоцролгүй ба
Ялангуяа эцэг богд ламын дээд номыг барихын тул зориулмуй хэмээсэн Мигзэмийн үгийн тайлбар үзэсгэлэнт сувдан эрих хэмээгдэх үүнийг нь өөрийн шавь зарим бээр дуртгасаныг нөхцөл болгож Шагжагийн аяга тахимлиг Шадүв нэрт мөн өөрөө бээр сүжиглэн найруулав.

Мангалам.

МИГМЭД ЗЭЭВИ ДЭРЧЭН ЖАНРАЙСИГ
ДИМЭД ЧЭНБИ ВАНБУ ЖАМБИЙ ЯН
ДҮДБҮН МАЛЬ-ҮЙ ЖОМЗАД САНВИЙ ДАГ
ГАНЖАН ХАЙВИ ЗҮГЖАН ЗОНХОВА
ЛУВСАНДАГБИ ШАВЛА СОЛВААН ДЭВ🙏

26/08/2024
БОГД ЗОНХОВ ЛАМЫН ТОВЧ НАМТАР /1357-1419/Хамаг бурхадын айлдал, энэрэл, чадал гурван эрдмийн мөн чанар болсон 3 язгуурын...
17/06/2024

БОГД ЗОНХОВ ЛАМЫН ТОВЧ НАМТАР /1357-1419/

Хамаг бурхадын айлдал, энэрэл, чадал гурван эрдмийн мөн чанар болсон 3 язгуурын бурханы хувилгаан, Цаст Түвдийн мэргэдийн оройн чимэг, 2-р ялгуулсан Богд Зонхова Лувсандагва хэмээн алдаршсан энэ их эрдэмтний намтар цадиг, зохиол бүтээл, шашин амьтны төлөөх үйлс хэрэг нь санаанд багташгүй гайхамшигт их бөлгөө.

Бидний Бурхан багш Шагжамүни цагаан мичин жилд хувилан төрөөд 29 насны шар хулгана жилд тойн болж 6 жил болтол бясалгал бүтээлийг үйлдэв. 35 насны хөх морин жилийн 4 сарын 15-ны өдөр илт туулж Бурхан болоод мөн тэр жилийн 6-р сард анх эхэлж олон амьтанд ном номлов. Шагжамүни Бурханы шашин гарах эх нь тэр буй.

Түүнээс хойш 2280 жил төгсөөд Түвдийн Амду нутгийн Зонха хэмээх газарт эцэг Лүмбүгэ, эх Шинса Ачой нарын хөвүүн болж 6-р жарны улаагчин тахиа жилд /1357/ Зонхова гэгээнтэн хувилж мэндэлжээ. Гурван настай байхдаа Монголын Тогоонтөмөр хаан Гармава Ролбидорж хэмээх ламыг залах үеэр гэгээн багштай учирч гэнэн сахил хүртжээ. 7 насандаа цорж Дондүвренчин ламаас гэцэл сахил хүртэн багшийн дэргэд бараа болж олон ном хүртэв. Сахилын алдар Лувсандагва юм. 17 насандаа Түвдийн Үй Зан зүгт морилж Диваажин хийд зэрэгт саатаж Сажийн их багш Рэндаваа, Ёндонжамц лам, Нябо лам тэргүүтэн олон багшаас судрын аймгийн олон эш номыг сонсож судлав. Мөн Чомба лам Чойжибал лам тэргүүтнээс тарнийг аймгийг сонсож судлав. Бас бус олон лам нараас судар, дандарын ном цаглашгүй олон зүйлийг сонссоноор мэргэд бүхний оройн чандмань мэт болжээ. 24 наснаа Цүлтимринчэн ламаас гэлэнгийн санваарь хүртжээ. 36 сүүдэртэйдээ гэгээн эрдэм төгс 8 шавийн хамт 9-үүл аглагт гараад, Жормүлүнгээс Олхад морилж судар, тарни хослон барилдсан гүн мөрийг бясалган бүтээснээр үлэмж онолын эрдэмд төгс боловсоржээ. 39 сүүдэртэйдээ Түвдийн Нялын Лүнра хэмээх газар номыг хүрдийг эргүүлжээ. 46 сүүдэртэйдээ /1402/ "Ялгуулсан Бурхадын эрхэм зарлиг бүгдийнг аньсын хураангуй", "Хамгийг болгоогчийн газар зорчих дээд төрөлхтөний номын ёс", " Гурван төрөлхтөний бясалгалын зэргийг үлдээлгүй хураагч" зэргээр ихэд алдаршсан, Буддын гүн ухаан, оюун сэтгэлгээ, бясалгалын бүтээлийг аугаа их цогц тайлбар, гайхамшигт бүтээлүүдийн нэг болсон "ИХ БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ" хэмээх бүтээлээ туурвижээ. 48 сүүдэртэйдээ /1405/ "Түгээмлийн их эзэн Бурхан Очирдарагийн мөрийн зэрэг, нууц бүхний утгыг сайтар ялгасан хэмээхүй" Бурхан багшийн эрхэм зарлигийн манлайн дээд оргил болсон нууц тарнийн ёсны гайхамшигт их тайлбар, нэвтэрхий толь болох бүтээлээ туурвижээ.

Чингэж Их Богд бээр зөвхөн дээрх 2 "Мөрийн зэрэг" бүтээлээрээ Бурханы айлдсан хамаг судар, тарнийн номын утгыг хойчийн шавь нар бээр үнэн зөвөөр анхааран авч судлах "Зүрхэн тайлбар"-ыг бүтээж үлдээсэн цаглашгүй их номын ачтан бөлгөө. 52 сүүдэртэйдээ Лхасын их чонпрүл ерөөлийг эхэлж хуруулжээ. Энэчлэн Гандан хийд тэргүүтэн хийд орон байгуулах, Бурхан шүтээн бүтээх, хурал сургууль байгуулах, ном бүтээл туурвих зэргээр шашин, амьтны тусыг аугаа ихээр зохиожээ. Чингээд их Богд бээр 7-р жарны шороон гахай жил /1419/ шашин, амьтны тусын тулд дүрст лагшинаа хураах ёсыг үзүүлж жанч халжээ. Тэрээр Буддын мэдлэг ухааны олон салбараар олон зуун зохиол, бүтээл туурвисныг 18 боть болгон эмхэтгэсэн байна.

Түүний бүтээсэн хиргүй гэгээн номын энэ мөрийг эрдэмт сайн шавь нар болох Жалцав, Хайдүв тэргүүтэн болон үндэслэн баригч багш дээдэс, мэргэд, сүсэгтэн олон шавь нар хүндлэн бишрэгч номч бүтээлчин зэрэг олон ардууд эдүгээ хүртэл тэтгэн дэлгэрүүлснээр зүг бүхнээ түгээмэл оршиж буй нь энэ болой.

"Их Бодь Мөрийн Зэрэг" номноос
Номын хаан Богд Зонховын
Номын ёс нь ямарчлан арвидаад
Хориг саад бүгдийг арилгах бөгөөд
Зохилдох шалтгаан бүгд бүрдэх болтугай.

Аливаа мэдэгдэхүүн бүхэнд төрвөл үгүй Манзушри
Асар хязгаарлашгүй амьтны эх болсон Аръяабал
Атгагт шимнусыг өмөгийг хоцроолгүй даран зохиогч Очирваань
Авралт гурван язгуурын мөн чанар Богд гэгээнээ мөргөмүй.

Бурхан багшийн их дүйчэн, Лувсанпринлэй гэгээний давхар дүйчэн, 1080 Богд Зонхова төслийн нээлт арга хэмжээ сайхан болло...
24/05/2024

Бурхан багшийн их дүйчэн, Лувсанпринлэй гэгээний давхар дүйчэн, 1080 Богд Зонхова төслийн нээлт арга хэмжээ сайхан боллоо.

Эрдэнэбулган, 2024 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр мөн Зая бандида Лувсанпринлэй гэгээний мэлмий гийсний ....

14/05/2024
Халхын Эрдэнэ Зая бандида гэгээний үеэс эхлэн эдүгээ цагийн Архангайчууд зон олноороо Булган уулан дээрээ Богд Зонхова б...
03/05/2024

Халхын Эрдэнэ Зая бандида гэгээний үеэс эхлэн эдүгээ цагийн Архангайчууд зон олноороо Булган уулан дээрээ Богд Зонхова бурханыг бүтээн залж түм буман зулаа тасралтгүй өргөж ирсэн.
Зая гэгээний хүрээний уншлага, залбирал бүгд Богд Зонхов ламын бясалгал, сургаалиар бүтсэн байдаг тул шинэ хийдийн гол шүтээн Богд Зонховыг 3,5 метрийн өндөртэйгээр бүтээлгэж байгаа юм.

Үүний сацуу айл өрхүүдэд үеийн үед, үр хүүхдүүддээ өвлөн уламжилж үлдээх, буяны үйлээ мөнхлөн үлдээх нандин шүтээнтэй болгохын тухайд 1080 Богд Зонхова ламыг 25 см өндөртэй гуулин цутгамал, алтан шармалаар хийж 1 000 000 төгрөгнөөс дээш хандив өргөсөн айл өрхөд бэлэглэж байна.

Тухайн өргөлийн 50% нь айл өрхөд залах Богд Зонхова бурханыг бүтээх зардалд зарцуулагдан нөгөө 50% нь Зая гэгээний хүрээний шинэ цогчин дуганд залах Богд Зонховыг бүтээх зардалд зориулагдах юм.

Богд Зонховын дүр хөргийг эрхэмлэн олноор залж, сургааль номлолыг даган суралцах явдал нь эрдэм мэдлэг, оюун ухааныг дээдэлсэн энэрэн, нигүүлсэх бодь сэтгэлтэн, шинэ цагийн эрдэмтэн мэргэд олноор төрөн гарахыг бэлгэдэж буй болно.

Аливаа бурхан шүтээн нь олон түмний итгэл бишрэлийн өргөл хандиваар бүтэж ирсэн бөгөөд монголын бурханы шашны гурван зулын нэг болсон Аврал итгэлт Эрдэнэ Зая бандида гэгээний хийдийн бурхан шүтээнийг байгуулах үйлсэд зориулан хандив өргөн оролцох нь энэ насны нэн чухал, ховор аз завшаан юм.

Төслийг хэрэгжүүлэгч:
Архангай аймгийн бурханы шашинтны төв, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийд
Хандивын данс: Хаан банк, 5135058699
Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар
Хаяг: Архангай, Эрдэнэбулган сум, II баг
Утас: 9933 6280, 99916767
Цахим хаяг: https://www.facebook.com/tsonkhapa
Цахим шуудан: [email protected]

Address

Архангай аймаг, Эрдэнэбулган сум. Булган уулын өвөр дэх Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийд
Tsetserleg

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Богд Зонхова posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share