22/11/2023
Өөрөө оролцож байж нийгэм маань илүү сайхан болно шүү, хүүхдүүд ээ
Мундгуудтай харьцуулахад гавихгүй ч хөдөө орон нутгийн боломж бололцоо хомс хүүхдүүдтэй харьцуулахад би чинь гадаад оронд суралцаж, галуу шувууны мах идэж, юм үзэж нүд тайлсан гэж өөрийгөө боддог болохоор олон сайхан боломж байдгийг дүү нартаа хуваалцахыг үргэлж хүсдэг юм.
Сурсан мэдсэн бүхнээ бусадтай хуваалцах нь эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр гэдэгт итгэдэг би чинь дүү нараа ч гэсэн эх орондоо хэрэгтэй иргэн болж төлөвшөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг.
Усалж ургуулах ёстой залуу үе маань ямар хэцүү бэрхшээлийг туулж буйг 2020 онд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн Time's up буюу "Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё" төслийн сургалтад хамрагдсанаар зах зухаас нь мэдэх болж, хүүхдийн эрх ямар ихээр зөрчигдөж буйг зүрхэндээ хуртал ойлгосон. Ингээд “Энэрэлт бэрцэцэг” нэртэй төрийн бус байгууллага үүсгэн байгуулж хүүхдийн эрх хамгаалал, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх, тэднийг хүчирхэг, өөртөө итгэлтэй, өөрийгөө хамгаалж чаддаг хувь иргэн болж төлөвшихөд хувь нэмрээ оруулахаар ажиллаж эхэлсэн.
Энэ үетэй давхцан Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслөөс “Төрийн бодлого хөтөлбөрт мониторинг хийх” сургалт зарлагдаж, сургалтад хамрагдах завшаан тохиов. Сурсан зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 3, 4-р багийн хүүхдийн тоглоомын талбайд хяналт мониторинг хийх жижиг төслийн санхүүжилтээ ч авч чадлаа.
Ингээд төрийн алба нь хууль стандартаа мэддэггүй, төсвийн мөнгө нь инээж, төрсөн хүүхэд нь уйлж байгааг олж хараад ажлынхаа цар хүрээг илүү томруулахгүй бол цөөхүүлээ бахираад цөхрөнгөө барахаа ойлгосон.
Өөрөө сурч мэдсэнээ бусдадаа зааж, өөрийн биеэр мониторинг хийснээ бусдад боломж олгохоор төсөл бичиж, санхүүжилтээ ч босгож 50 ахлах ангийн сурагчдыг мониторингийн талаар мэдлэгтэй болгож, тэд маань сумандаа тулгамдаж буй томоохон 2 асуудлыг шийдвэрлэхээр одоо хүртэл ажиллаж байна.
Оролцоотой иргэн, хариуцлагатай төртэй болж сумандаа хөгжлийг бий болгохын тулд бил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар... Цаашдын цар хүрээгээ ч улам тэлсээр байхын төлөө...
#жишээбабишээ #сайнтуршлага #сайнжишээ #Жишээ
EU Delegation to Mongolia
Ministry of Foreign Affairs of the Czech Republic
Caritas Czech Republic in Mongolia
Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл
Иргэний Боловсролын Төв
Хүний эрх хамгаалагч Хүчирхэг залуус ТББ
Энэрэлт Бэрцэцэг ТББ