29/11/2023
Иргэний нийгэм – Миний бие энэ салбартай холбогдоод 10 гаруй жил болж байна. 2021 онд “Шизүмон тогтвортой хөгжлийн нийгэмлэг” НҮТББ-аа байгуулсан. Гэсэн ч хэрхэн хөгжүүлэх арга, ухаанаа олохгүй явж байлаа.
Яг энэ үетэй давхцаад “ Бүгд залуусын төлөө- Залуус бүгдийн төлөө” төслийн буянтай хүмүүс гараад ирсэн. Уг төслийн хүрээнд “ТББ-ын менежмент”, “Мониторинг”, “Сургагч багш бэлтгэх сургалт” гээд олон сургалтуудад сууж ТББ-ыг хэрхэн хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрхэн боловсруулах талаар олон зүйл мэдэж авсан. Иргэний боловсролын төвийн сургалтууд оролцоонд тулгуурлан явагддагаараа онцлог болдог. Маш сонирхолтой. Багш нарын заах арга зүй бол BEST.
Миний хувьд сургалтад сууж чадваржаад зогсохгүй Иргэний Боловсролын Төвөөс зарласан жижиг төсөлд шалгаран ТББ дээрээ хоёр ч төсөл хэрэгжүүлээд байна. Энэ нь манай байгууллагын баг хамт олны хувьд маш чухал туршлага болсон.
Мөн түүнээс гадна энэ төслийн хүрээнд олон залуусын нүдийг нээсэн нэг том ажил бол Европын улсуудад хийгдсэн “Study tour” хөтөлбөр юм. Миний хувьд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” ажлын хэсгийн нэг гишүүн байсан тул Европд хөл тавьж туршлага судлах боломж олдсонд ихэд баяртай байдаг.
Бид Чех болон Герман улсуудын иргэний нийгмийн салбар, ялангуяа сайн дурын ажлын сайн туршлагыг сонсон эдгээр салбарт амжилттай яваа залуучуудын байгууллагуудтай танилцсан. Европын залуус хамтаараа хэрхэн хөгждөг талаар Европын холбоо залууст ямар боломж олгож, дэмжин ажилладаг тухай сонсоод маш их урам авсан. Нөгөө талаар сайн дурын ажлын тухай ойлголт маань эрс тэс өөрчлөгдсөн.
Манайхан сайн дурын ажлыг ядарсан хүмүүст гутал хувцас, нүүрс түлээ тараах төдийгөөр л хэмждэг бол Европт бүхэл бүтэн соёл, бүх салбарын салшгүй нэг хэсэг болж хөгжсөн байдаг юм билээ.
Үзэж харсан олон зүйлүүдээс онцлон дурдвал хотуудын аялал байлаа. Тэр дундаас Алтан Прага бол үнэхээр гайхалтай цэвэр цэмцгэр, урлаглаг хот байсан. Германд хоол нь их таалагдсан. Европын хотуудын барилгын стандарт, ур хийц, хот төлөвлөлт, зам талбай, ногоон байгууламжийн шийдлүүдийг харахдаа дуу алдаж, нүд хийж яваад ирсэн ккк… Нөгөө талаар амар тайван, утга учиртай амьдарч байгаа европчуудыг хараад атаархал төрж, гуравхан сая хүн амаа ингэж амьдруулж байгаа төр засагтаа гомдох сэтгэл төрсөн шүү. Ингэж аяны богц дүүрэн нутагтаа буцаж ирээд сурч мэдсэнээ буюу сайн дурын ажлын сайн талуудыг нэг залууд ч гэсэн ойлгуулах зорилгоор өнгөрсөн хавар аймгийн төвийнхөө 6 ЕБС-ийн 400 гаруй ахлах ангийнханд “Европ дахь боломж ба Залуусын хөгжил” сэдвээр лекц тавьсан. Сурагчид маш дуртай хүлээн авч байсан даа.
Одоо миний бие ТББ дээрээ Япон улсын хог хаягдлын менежментээс суралцсан туршлагаа орон нутагтаа түгээх зорилгоор “Эко Баянхонгор” төслийг санаачлаад аймгийнхаа хог хаягдлын менежментийн мастер төлөвлөгөөн дээр ажиллаж байна. “Хог биш ээ мөнгө” аяныг өрнүүлэн, Баянхонгор хотын удирдлагуудтай хамтран орон нутгийн иргэдийг хогоо ангилдаг соёлд сургахаар зорьж явна. Энэ хүрээнд төрийн албан хаагч, багш, сурагчид гээд бүх шатныханд Тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжил, хог хаягдлын тухай ойлголтыг түгээж байна.
Европын холбооны санхүүжилтээр хэрэгжээд дуусаж буй “Бүгд залуусын төлөө- Залуус бүгдийн төлөө” төсөл бол ийнхүү олон залуусын нүдийг нээн хөгжүүлж, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь тус болсон маш чухал төсөл байлаа. Хэрэв төр засгийн шийдвэр гаргагчид маань энэ төслийнхөн шиг ажил хэрэгч, сэтгэлтэй, бодит үр дүнтэй ажилладаг бол Монгол маань дорхноо хөгжинө дөө гэж хүртэл бодож байна.
Хүндэтгэсэн: “Шизүмон Тогтвортой хөгжлийн нийгэмлэг” ТББ -ын үүсгэн байгуулагч Б.Хишигбаяр.
#жишээбабишээ #сайнжишээ #сайнтуршлага #Жишээ
EU Delegation to Mongolia
Ministry of Foreign Affairs of the Czech Republic
Caritas Czech Republic in Mongolia
Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл
Иргэний Боловсролын Төв
Хүний эрх хамгаалагч Хүчирхэг залуус ТББ
Shizumon sustainable development center