06/07/2026
Дурсамж гэрэл зураг 🥹
Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас зохион байгуулдаг "Шинэ бүтээл – Хүмүүс" шалгаруулалт, үзэсгэлэнд олон жил тогтмол оролцож, бидний ажлыг үргэлж дэмжин тусалж ирсэн Бадамаа эгч маань бурханы оронд заларсан тухай гунигт мэдээг сонсоод гүнээ эмгэнэн дурсаж сууна.
Тэрээр Монголын гэрэл зураг, тэр дундаа баримтат гэрэл зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, эмэгтэй гэрэл зурагчдын нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг байлаа. Аливаа ажил, арга хэмжээг зохион байгуулах, хамтран оролцох үйлсийн манлайд үргэлж явж, идэвх санаачилга гарган зүтгэдэг, энгийн даруу зан чанартай, хүн бүхэнд ижил тэгш, халуун дотно ханддаг, өөрийн гэсэн өнгө төрх, арга барилтай эрхэм гэрэл зурагчин, багш хүн байсан юм.
Олон сайхан үзэсгэлэн, номын нээлт бүрт хамгийн түрүүнд хүрэлцэн ирж, залуу үеэ урамшуулан дэмждэг дүр төрх нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд болон гэрэл зургийн салбарын нийт хамт олонд Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангийн хамт олны нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Бадамаа эгчийн гэгээн дурсамж бидний сэтгэлд мөнхөд хадгалагдан үлдэх болно.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.😢🙏🙏🙏