14/05/2026
Хойд Америк дахь Морин хуурын дөрөвдүгээр наадам 2026 оны тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Денвер хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Наадамд Монгол, Өвөр Монгол, Европ болон АНУ-ын Чикаго, Сан Франциско, Вашингтон Ди Си, Сиатл ,Бостон хотуудаас хуурчид, урлаг судлаачид, хуур урлаачид, морин хуурыг сонирхон дэмжигчид зорин ирж оролцов.
Денверийн их сургуулийн Ньюмен төвд Төрийн хан хуур урлаач Уламбаярын Хан Мюзик, Уянга Цогт Амгалан, МУУГЗ Б.Баярсайханы Пегасус, Гараг ,Сетимо зэрэг шилдэг хуур урлалын мастерууд гурван өдрийн турш бүтээлүүдээ олон нийтэд толилуулснаас гадна МУАЖ Ч.Батсайхан, МУГЗ Б.Одсүрэн нар морин хуурын болон хөөмийн мастеркласс явуулав.
Наадмын эхний өдөр эрдэм шинжилгээний хурал болж, судлаачид, морин хуурчид, урлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид нэгэн дор цуглаж, морин хуур урлал, татлагын уламжлалт арга барил, сургалтын арга зүй, урын сан, цахим сургалт, соёлын бүтээлч үйлдвэрлэл мөн өөрчлөгдөн буй дэлхий дэх морин хуурын ирээдүй зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хэлэлцэв.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн Морин хуурын уралдаанд 100 гаруй хуурчид насанд хүрэгч, өсвөр насны А, Б, хүүхэд А,Б гэсэн таван ангиллаар оролцов. Тэмцээний Гран При шагналыг насан хүрэгчийн ангилалд уралдсан Нямбатын Хенри хүртэж Морин Хуурыг Дэмжих Цэндийн Батчулууны нэрэмжит цом ,диплом, Хан Мюзик урлалын мастер морин хуураар шагнагдав
Наадам маань “Монгол Аялгуу” хүндэтгэлийн тоглолтоор өндөрлөсөн бөгөөд энэхүү тоглолтыг зургаан зуу гаруй хүн үзэж сонирхсон юм.
Энэхүү наадам нь олон улсад морин хуурыг сурталчлан таниулах, АНУ-д төрж, өсөж буй монгол хүүхдүүдэд морин хуураар дамжуулан монгол соёлыг өвлүүлэх, морин хуур сонирхогчдыг нэгтгэн, харилцан суралцах боломжийг нээх зорилготой юм.
Энэхүү зорилго нь Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зарлигтай бүрэн нийцдэг бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газраас мөнгөн тусламж үзүүлж дэмжсэнийг дурдахад таатай байна. Түүнчлэн наадмын үеэр МУ-ын ерөнхийлөгч тусгай илгээмж явуулсныг төгөлдөр хуурч Б.Алунгоо, морин хуурын Ажнай төвийн багш М.Ариунболд нарт гардуулсан онцлог үйл явдал болсон юм.
АНУ дахь морин хуурын 4-р наадмыг дэмжин ажилласан ЕТГ, ГХЯ, АНУ-д суугаа ЭСЯ, Сан Франциско дахь консулын газар ,Хойд Америкийн морин хуурын төв , Деневер хотын Ажнай төвийн арын албаны зохион байгуулагч нийт хамт олон, ивээн тэтгэгчид , хандивлагчид, оролцогч хүүхдүүд тэдний эцэг эхчүүдэд гүн талархал илэрхийлье .
Морин Хуурыг Дэмжих Цэндийн Батчулуун сан