08/01/2026
Хамтдаа хөгжих тэгш оролцоотой нийгэм: Улаанбаатар дахь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт, чадавхжуулах төв
Чадавхжуулах сургалтаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих болон тэдний гэр бүлийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх! Улаанбаатар хотод хэрэгжээд дуусч буй “Тусгай хэрэгцээт боловсролын сургалт, чадавхжуулах төв байгуулах” төсөл нь хүүхдүүд, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагч нарт шинэ боломжийг нээж өгсөн юм. Сургалт, семинар, зөвлөгөөгөөр дамжуулан мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, хүртээмжтэй боловсролыг тогтвортойгоор дэмжих зорилготой энэ төсөл маань амжилттай хэрэгжиж дууслаа.
Төслийн ерөнхий тойм
Улаанбаатар хотод хэрэгжсэн “Тусгай хэрэгцээт боловсролын сургалт, чадавхжуулах төв байгуулах” төсөл нь Герман улсын IAE e.V. болон Энэрэлийн Түүчээ ТББ байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм.
Тус төв нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч, мөн эцэг эхчүүдэд зориулсан сургалт, семинар, зөвлөгөөгөө өгөх үйлчилгээнүүдийг тасралтгүй хийж байна.
Энэхүү төсөл яагаад онцгой ач холбогдолтой вэ?
• Төслийг эхлүүлэхээс өмнө Монгол Улсад хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хүртээмжтэй боловсролын тогтолцоо дутмаг байсан.
• Эдгээр хүүхдүүдтэй мэргэжлийн түвшинд ажиллах чадвартай мэргэшсэн ажилтан хангалтгүй байсан.
• Хөгжлийн бэрхшээлтэй 6–16 насны хүүхдүүдийн ердөө 60%, харин 2–5 насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 40% нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж байв.
• Олон эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн дэмжихээ мэдэхгүй байсан бөгөөд зөвлөгөө өгөх үйлчилгээ маш дутмаг байсан.
Төслийн зорилтууд
• Тохирсон дэд бүтцийг бүрдүүлэх: Тусгай хэрэгцээт боловсролын сургалт, чадавхжуулах төв байгуулах.
• Бодлогын түвшинд: Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдэд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэмжлэг үзүүлэх журам боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцоотой ажилласан бөгөөд уг ДЭМЖИХ ТӨВ-ийн хүрээнд 12 дэмжих төв үйл ажиллагаа явуулж байна.
• Туршилтын сургалтын хөтөлбөр: Мэргэжилтнүүд болон эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг боловсруулж хэрэгжүүлэх.
• Тогтмол сургалт: Эцэг эх болон мэргэжлийн ажилтнуудад зориулсан тасралтгүй сургалтын тогтолцоо бий болгох.
Цаашдын зорилт:
• Бүх аймагт нэвтрүүлэх: 2027 он гэхэд 21 аймаг бүр өөрийн дэмжих төвтэй болох.
• Урьдчилан сэргийлэлт: Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх чиглэлээр орчуулга, сургалтыг нэмэгдүүлэх.
• Дижитал шийдлийг өргөжүүлэх: VADEMECUM аппликейшнийг улс даяар нэвтрүүлэх.
• Төрийн бодлогод тусгах: Манай дэмжлэгийн загварыг улсын стандарт болгох.
Талархал
Манай энэхүү төслийг Саксоны Залуучуудын Сан – genialsozial (Сахону мужийн сурагчид) 100 хувь санхүүжүүлсэн билээ. Мөн дэлхийн зөн болон олон өөр байгууллагууд санхүүгийн туслалцаа үзүүлсэнд баярласан талархсанаа үүгээр илэрхийлье! Бид эв нэгдэл, хамтын оролцоо ямар их хүч чадалтайг бодитоор харуулж чадсанд чин сэтгэлээсээ талархаж байна.
Мөн бид олон улсын түншүүддээ, ялангуяа Швейцар улсын профессор доктор Инес Шлингер, профессор Габриэла Антенер нарт үнэтэй мэргэжлийн мэдлэг, тууштай дэмжлэг үзүүлсэнд гүн талархал илэрхийлье.
Мөэ Германы түнш байгууллагууддаа хамтын ажиллагаа, байнгын дэмжлэгт нь маш их баярлалаа.
Түүнчлэн манай төслийг бодлогын түвшинд дэмжиж, жишиг загвар хэмээн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Боловсролын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг холбогдох төрийн байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эцэг эхчүүд асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч болон хүүхдүүдийн итгэл, идэвхтэй оролцоо биднийг бодит өөрчлөлтөд хүргэхэд асар их нөлөө үзүүлсэн юм.
Эцэст нь, 7 жилийн турш тууштай, шинийг эрэлхийлсэн, асуудлыг шийдэхэд чиглэсэн манай багийн хамт олонд гүн талархал илэрхийлье.