24/10/2026
🇲🇳 АЖИЛ ХИЙДЭГ ХҮН, АЖИЛ ХЭРЭГ БОЛДОГ БОДЛОГО ХОЁР Л УЛС ОРНЫГ ӨӨРЧИЛНӨ!
Ажил хэрэгч хандлагатай, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг өнгөц биш, сууриас нь шийдвэрлэхийг зорьдог УИХ-ын гишүүн С.Амарсайхан шиг хэд хэдэн хүн байхад л энэ улс сэвхийтэл босохоор санагддаг.
Нэгдмэл бодлоготой, нэг стандарттай, ёс суртахуун, хариуцлага нь иргэнээсээ эхлээд төрийн бүх шатанд соёл болон төлөвшсөн нийгэм бидэнд үнэхээр үгүйлэгдэж байна.
Сэтгэл, зүтгэл, зохион байгуулалт байхад богино хугацаанд томоохон бүтээн байгуулалтыг чанар, стандартын шаардлагатай уялдуулан урагшлуулж болдгийг харуулсан жишээ бол Налайхын зам, Олимпын гүүр юм.
Хотын даргаар ажиллаж байх үед нь Налайхын 20.9 км замыг шинэчилж, хоёр эгнээг дөрвөн эгнээ болгон өргөтгөсөн. Явган болон дугуйн зам, хөдөлгөөний аюулгүй байдлын шийдлүүдийг тусгасан энэ бүтээн байгуулалт өнөөдөр ч иргэдийн өдөр тутмын хэрэглээнд байна.
Олимпын гудамжны гүүрэн гарцын бүтээн байгуулалтын явцад ч Амарсайхан гишүүн газар дээр нь ажиллаж, саатсан асуудлыг шийдвэрлэн, чанар, стандарт, технологийн горимыг алдагдуулахгүйгээр ажлыг эрчимжүүлж ашиглалтад оруулж байв.
Хотын удирдлагад ажиллахдаа бүтээн байгуулалтыг газар дээр нь очиж, асуудлыг нь шийдвэрлэж, гүйцэтгэлийг нь шаарддаг байсныг дээрх бодит жишээнүүдээс харж болно.
⁉️ ТЭГВЭЛ ӨНӨӨДӨР БИДНИЙ АМЬДРАЛЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЯМАР ТҮВШИНД БАЙНА ВЭ?
2026 оны аравдугаар сарын 22-нд Шадар сайд Н.Номтойбаяр импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний ердөө 4.6 хувьд нь дотоодын хяналт, шинжилгээ хийж байгаа талаар мэдээллээ.
Энэ тоо Монгол Улс хүнсний аюулгүй байдлыг өөрийн лаборатори, хяналтын тогтолцоогоор бүрэн баталгаажуулах чадавхаа сайжруулах шаардлагатайг сануулж байна.
Бид хүүхдүүддээ ямар хүнс өгч байна вэ? Өдөр бүр ямар замаар зорчиж, ямар орчинд ажиллаж амьдарч байна вэ? Барилга байгууламж, эмнэлэг, сургууль, нийтийн үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хэн, хэрхэн хяналт тавьж байна вэ?
Энэ бүхэн тус тусдаа асуудал мэт боловч нэг л суурьтай.
ТЭР НЬ СТАНДАРТ, ТҮҮНИЙГ МӨРДҮҮЛЭХ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО ЮМ.
Чухам энэ асуудлыг С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байх үеэсээ олон нийт, төрийн байгууллагуудын анхаарлын төвд авчирч, бодит бодлого болгон хэрэгжүүлэхийг зорьсон.
2019–2020 ОН. “НЭГ ХОТ – НЭГ СТАНДАРТ”
Хотын даргын санаачилгаар “Нэг хот – Нэг стандарт” анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдаж, нийслэлийн 500 гаруй удирдах ажилтан, мэргэжилтэн оролцсон.
Улмаар Амарсайхан 2020 оныг “Нэг хот – Нэг стандарт” зорилтот жил болгон зарлах А/01 захирамж гаргаж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан.
Энэ хүрээнд:
▪️ Хотын стандартын баримт бичгийг боловсруулж, 2019 онд гурван товхимол гаргасан бөгөөд 2020 онд 22 төрлийн баримт бичиг нэмж боловсруулах ажлыг төлөвлөсөн.
▪️ Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байсан 379 барилгын хашаа, хайсыг стандартын шаардлагад нийцүүлэх мэдэгдэл хүргүүлж, засаж сайжруулах ажлыг эхлүүлсэн.
▪️ Хүүхдийн тоглоомын талбай, явган зам, нийтийн эзэмшлийн орчинд мөрдөх шаардлагыг тодорхой болгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.
▪️ Хотын бүтээн байгуулалтын тендер, гүйцэтгэлд стандартын шаардлага тавих чиглэлийг баримталсан.
Өөрөөр хэлбэл, стандартыг зөвхөн мэргэжлийн байгууллагын яриа биш, иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой хотын бодлого болгон гаргаж ирсэн юм.
2022–2023 ОН. “НЭГ УЛС – НЭГДСЭН СТАНДАРТ”
Амарсайхан гишүүн Шадар сайдаар ажиллахдаа хотын хэмжээнд эхлүүлсэн энэ чиглэлийг улсын хэмжээнд өргөжүүлсэн.
2022 онд Стандарт, хэмжил зүйн газарт ажиллахдаа төрийн худалдан авалтад чанар, стандартын шаардлага хангалтгүй тусдаг нь чанаргүй гүйцэтгэлийн нэг шалтгаан болж байгааг хөндөж, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх шаардлага тавьсан.
Мөн хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбоотой батлагдаагүй байсан 12 техникийн зохицуулалт, 25 стандартыг боловсруулж батлуулах үүргийг холбогдох яам, байгууллагуудад өгсөн.
2023 онд “Стандарт ба хөгжил” бодлогын хүрээнд “Нэг улс – Нэгдсэн стандарт” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд эхлүүлж, салбар бүрийн чанар, аюулгүй байдал, хариуцлагын тогтолцоог шинэчлэх зорилго тавьсан.
Энэ бодлогын чиглэл цаашлаад Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан.
ЭНЭ БҮХНИЙГ ӨНӨӨДӨР ЯАГААД ЭРГЭЖ САНАХ ЁСТОЙ ВЭ?
Учир нь өнөөдөр бидэнд зөвхөн шинэ зам, шинэ барилга, шинэ хууль хэрэгтэй биш.
Баригдсан зам нь аюулгүй, хийсэн бүтээн байгуулалт нь чанартай, худалдаалж буй хүнс нь хяналттай, төрийн шийдвэр нь хэрэгждэг, зөрчил гаргасан нь хариуцлага хүлээдэг тогтолцоо хэрэгтэй.
Стандартын тухай хууль, дүрэм байхаас гадна түүнийг хэрэгжүүлэх хүн, байгууллага, санхүүжилт, лаборатори, хяналт, хариуцлага бүгд нэг чиглэлд ажиллах ёстой.
“НЭГ ХОТ – НЭГ СТАНДАРТ”-ААС “НЭГ УЛС – НЭГДСЭН СТАНДАРТ” ХҮРТЭЛХ БОДЛОГЫН ҮНДСЭН САНАА НЬ ЭНЭ.
Эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлж, бодлогыг бодит хэрэгжилт болгох нь улс орны хөгжилд хамгийн их дутагдаж буй зүйлсийн нэг.
Улс орны хөгжил гэдэг өндөр барилгын тоо, шинэ замын уртаар хэмжигдэхээс гадна иргэн бүр хэр аюулгүй, чанартай орчинд амьдарч байгаагаар хэмжигдэх учиртай.