09/10/2024
"Аялал жуулчлалын салбарын Эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбоо"-ны Гүйцэтгэх захирал Б.Энхцэцэг -
Аялал жуулчлалын салбар дахь Эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбоог хамтран үүсгэн байгуулж, Гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Энхцэцэг Та бүхэнтэй мэндчилж байна. Энэхүү салбарт 17 настайгаасаа хөтөч орчуулагч хийж эхэлснээс хойш 18 жил өнгөрч, энэ хугацаанд хөтөч, орчуулагч, аяллын менежер, салбарын асуудлуудыг дагнан бичдэг сэтгүүлч, бизнес эрхлэгч хүртэл явж иржээ. Энэ хугацаанд салбарын таатай таагүй бүхнийг гэрчилж ирсний хувьд тухайн холбоог байгуулах зайлшгүй шаардлага байгааг олж харсан билээ.
Цаашид бид тулгарч буй асуудлуудыг засахад идэвхтэй оролцох, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрсдийгөө хөгжүүлэх, бизнесээ өргөтгөх боломжуудын талаар мэдээллээр хангах, зөвлөн туслах, бодлого тодорхойлох түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг сайжруулах, жижиг дунд бизнесүүдийн хамтралыг эрчимжүүлэх замаар орлогыг нэмэгдүүлэх, тойрог эдийн засагт оролцох гэх мэт хүртээмжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллахаар салбарын түүчээ эмэгтэйчүүдийг нэгтгэж эхлээд байгаа бөгөөд цаашид үр өгөөжтэй олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.