17/08/2026
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИН БА ХАЛДВАРЫН ЭРСДЭЛ
Хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ ханган сургууль, цэцэрлэгүүдийн засвар үйлчилгээ ид хийгдэж буй энэ үед холбогдох байгууллагуудад анхааруулах санамж хүргэх зорилгоор энэхүү мэдээллийг Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгээс бэлтгэн хүргэж байна.
Сургууль, цэцэрлэгийн орчин нь хүүхдүүд болон багш ажилчид нэг дор олноор цугларч, урт хугацааг хамт өнгөрүүлдэг тул халдварт өвчний болон сүрьеэгийн халдвар тархах өндөр эрсдэлтэй орчинд тооцогддог.
👩🏫Одоогийн нөхцөл байдал: Манай улсын сургууль, цэцэрлэгүүдэд анги дүүргэлт хэт өндөр, олон ээлжээр хичээллэдэг, механик агааржуулалтын систем хангалтгүй байгаа нь халдварт өвчин тархах үндсэн нөхцөл болж байна.
📊Тоон үзүүлэлт: Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеэр нийт өвчлөгсдийн 70-80 хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд эзэлдэг. Мөн 2017 оны байдлаар сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдийн 150 нь цэцэрлэгийн, 322 нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байжээ.
🌿Агаарын чанар: Цэцэрлэгүүдийн дотоод орчны нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) хэмжээ стандартаас 1.6 дахин их, тоосонцор (PM2.5) стандартаас 2.4 дахин хэтэрсэн үзүүлэлтүүд ч байна.
🌟Агааржуулалт ба халдварын эрсдэлийн хамаарал🌟
Олон улсын инженерүүд болон эрүүл мэндийн байгууллагуудын (ASHRAE, CDC, WHO) судалгаагаар агаарын урсгалын хурд, чанарыг сайжруулахад өвчлөл дараах байдлаар буурдаг болохыг тогтоожээ:
🌬️Агаар сэлгэлтийн давтамж (ACH - Air Changes per Hour): АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) болон ASHRAE (Халаалт, хөргөлт, агааржуулалтын инженерүүдийн нийгэмлэг) стандартаар халдварт өвчний эрсдэлийг бууруулахын тулд өрөөний агаарыг цагт хамгийн багадаа 5 болон түүнээс дээш удаа бүрэн шинэчлэх (5+ ACH) зөвлөмжийг гаргасан.
😷Халдварын эрсдэл буурах хувь: Сургуулийн анги танхимын агааржуулалтыг стандартын түвшинд (нэг хүнд ногдох агаарын урсгалыг нэмэгдүүлэх) хүргэхэд томуу болон амьсгалын замын зарим вирусийн тархалт 40-50%-иар буурдаг болохыг практик судалгаанууд харуулдаг.
📍CO2-ын хяналт: Өрөөний нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) хэмжээ стандартаас (1000 ppm-ээс дээш) хэтрэх нь агааржуулалт муу байгаагийн шууд илрэл бөгөөд энэ үед вирус дамжих магадлал хамгийн өндөр хувьд хүрдэг.
🌟Агааржуулалтын системийн технологиудын нөлөө🌟
Агааржуулалт нь зөвхөн гаднаас агаар оруулах биш, дараах инженерийн шийдлүүдээр бактер, вирусийг устгаж, шүүдэг:
✅Шүүлтүүрийн систем (HEPA ба MERV-13): Механик агааржуулалтын системд MERV-13 буюу түүнээс дээш зэрэглэлийн шүүлтүүр ашигласнаар агаар дахь бактер, вирусийн жижиг хэсгүүдийг 85%-иас дээш үр ашигтайгаар шүүж авдаг. Харин HEPA шүүлтүүрүүд нь 99.97%-ийн үр дүнтэй байдаг.
✅Хэт ягаан туяаар ариутгах (UVGI): Агааржуулалтын суваг дотор эсвэл өрөөний дээд хэсэгт хэт ягаан туяаны (UV) гэрэл байрлуулснаар агаараар дамжин өнгөрч буй томуугийн вирусийн РНХ-ийг задалж, идэвхгүй болгодог
🌟Төрөөс агааржуулалтын системийг хянах, сайжруулах🌟
Сүрьеэ болон бусад халдвар тархалтаас сэргийлэхэд агааржуулалтын инженерчлэлийг сайжруулах, хянах, агаарын чанарын менежментийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
📍Механик агааржуулалтын стандарт: Шинээр баригдаж буй болон хуучин ашиглагдаж буй сургууль, цэцэрлэгүүдэд агаар сорох, шүүж халааж оруулах технологи бүхий механик агааржуулалтын системийг заавал суурилуулах шаардлагатай ба стандарт, норм, дүрмийг баримтлах
📍Хяналтын тогтолцоо: Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд стандартад заасан агаарын чанарыг хангах үүрэгтэй бөгөөд үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрууд хяналт тавьж ажиллах ёстой.
📍Инженерчлэлийн шийдэл: Өрөөний CO2-ын түвшинг 1000 ppm-ээс бага байлгахад сүрьеэ болон бусад халдварын тохиолдол 97%-иар буурдаг болох нь тогтоогдсон. Тиймээс анги бүрт агаарын чанарын индекс хэмжигч суурилуулах нь зүйтэй.
📍Засвар үйлчилгээ: Агааржуулалтын системийн шүүлтүүрийг (HEPA гэх мэт) тогтмол цэвэрлэж, агаарын урсгалыг хааж буй саад бэрхшээлийг (жишээ нь: шилэн хаалт, буруу байрлалтай тавилга) арилгах шаардлагатай.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт, сүрьеэгийн халдварыг бууруулахад зөвхөн маск зүүх, вакцинжуулалт, гар угаахаас гадна "Агаарын чанарын менежмент" буюу сургууль, цэцэрлэгийн механик агааржуулалтын системийг зөв ажиллуулах, шүүлтүүрийг тогтмол солих, агаарын урсгалыг тасралтгүй хангах нь хамгийн өндөр үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ болохыг холбогдох судалгаанууд баталж байна.
Иймд манай улсын хувьд доголдоод байгаа агааржуулалтын системийг бүрэн утгаар нь ажиллуулах, хянах, сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэн анхаарах өндөр хэрэгцээ шаардлагатай байна.