06/06/2026
“Илэнх” төслийг танилцуулж байна
“Байгалийн Загас Үржүүлэг” НҮТББ нь 2019 онд Архангай аймгийн Чулуут голд анхны загас үржүүлгийн төслөө эхлүүлж, өнөөг хүртэл 3 сая гаруй жарамгайг лабораторийн аргаар бойжуулан байгальд нь амжилттай буцаан нутагшуулаад байна.
2026 оноос бид Булган аймгийн Тэшиг сум дахь Илэнх, Эрин голд хоёр дахь төслөө “Илэнх” НҮТББ нэрийн дор албан ёсоор эхлүүлээд байна.
Энэхүү төслийн хүрээнд бид Илэнх, Эрин голын экосистемийг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой хадгалах, мөн нутгийн иргэдтэй хамтран цэнгэг ус, гол мөрнөө хамгаалах зөв хандлагыг түгээн төлөвшүүлэхийг зорьж байна.
“Илэнх” төслийн хээрийн лаборатори нь үржлийн улиралд 750,000 хүртэлх жарамгай үржүүлэх хүчин чадалтай бөгөөд орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Тус лаборатори нь түрс бойжуулах 7 инкубатор, жараахай өсгөвөрлөх 3 танктайгаар тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Мөн биологич, судлаачдын ажиллах орчныг бүрдүүлснээр судалгаа шинжилгээ, байгаль хамгааллын ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдээд байна.
✅ Бид 2026 оны 5 дугаар сараас эхлэн дараах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна.
1. Эх сүрэг барих, тээвэрлэх
2026 оны 5 дугаар сарын 1-нээс 14-ний өдрүүдэд Илэнх, Эрин голоос загас үржүүлгийн эх сүрэг болох 100 ширхэг эм, 150 ширхэг эр, нийт 250 толгой шивэр хадран (Thymallus arcticus) загасыг барьж бэлтгэлээ.
2. Зэвэг загасны сонголт
Мөн 2 ширхэг эм, 10 ширхэг эр, нийт 12 ширхэг зэвэг (Brachymystax lenok) загасыг шилэн сонголтоор барьсан. Эх сүргийг хоёр голын 46 байршлаас барьж, урьдчилан бэлтгэсэн голын салаанд түр хугацаагаар хадгалан үржилд бэлдсэн.
3. Түрсэнд үр тогтоох ажил
2026 оны 5 дугаар сарын 9, 15-ны өдрүүдэд үржүүлгийн ажлыг эхлүүлж, нийт 2848 грамм буюу ойролцоогоор 310,000 хадран загасны түрсэнд үр тогтоолт хийж, инкубаторт амжилттай байршууллаа.
4. Арчилгаа, маллагаа
Үр тогтсон түрс 7 хоногийн дараа нөсөөжиж эхэлсэн (Амь орж эхэлсэн), №1 05/19 гэхэд маш тод, нүдээр харахад төвөггүй ажиглаж болохоор болсон.№2 05/21-26 өдрүүдэд 12-14мм урттай 0,02 гр жинтэй авгалдайнууд мэндэлсэн. 2026/05/26 өдөр шар уургаа 70-80 хувьтай шимсэн жарамгайнуудыг хооллон өсгөврийн аппаратад шилжүүлэв.
Энэ хуудсаар дамжуулан бид төслийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, байгаль хамгааллын ажлын явц, үр дүнгээ тогтмол хуваалцах болно.
🤝 Манай хуудсыг дагаж, “Илэнх” төслийн цаашдын мэдээ мэдээллийг тогтмол хүлээн авч байгаарай.
#БайгальХамгаалал #загасүржүүлэг #Булган #Байгаль