14/09/2025
Team Mongolei im Bundessiegerzuchtschau
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025
Немц овчарканы Монгол улсын шигшээ баг
Монголын хамгийн анхны тэмцээн арван таван онд сурын талбайд болж байснаас хойш яг арван жил өнгөрчээ. Наадмын цэнгэлдэхээс Нюрнбергийн цэнгэлдэх хүртэл Монгол улсын бүтэн баг явж очиход анхны тэмцээнд оролцож байсан бүх л оролцогчдын хүсэл мөрөөдөл мэдрэгдэх шиг болж байлаа. Энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын шигшээ багийн хамт олон оролцож олон шинэ амжилтыг бичлээ. Хүйтэн өвлийн гөлөгний тэмцээнээс эхлэсэн энэ чухал зорилго Дэлхийн аваргын цэнгэлдэх дотор биелсэн нь нь хүсэж мөрөөдвөл боломжгүй зүйл гэж байдаггүйн нэг жишээ боллоо. Холын Азийн орноос хамгийн анх удаа Дэлхийн шилдэг улсуудтай шилдэг үржлийн бүлэгт өрсөлдсөн нь энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний онцгой чухал мөч байлаа. Энэ үүлдрийн олон зууны түүхэнд Азиас хамгийн анхных (Platz 12) нь Монгол улс болж түүхэнд бичигдэж байна. Хувь хүний амбицыг бүгд хойш нь тавьж олон арван үржлийн газрын баг нэг багийнхаа ажлын төлөө, Монгол улсын шигшээ багийнхаа амжилтын төлөө нэгдэж ажилласан нь өөрөө жинхэнэ ололт амжилт байлаа. Монголын Немц овчарка сонирхогчдын холбооны үржлийн алба, Монгол улсын шигшээ багийн зүгээс холбооны Даяар үржлийн газрын үржүүлэгч Ялалтын Анхбаяртaa онцгойлон баяр хүргэе. Монгол улсын Даяар үржлийн газар Дэлхийн шилдэг үржлийн газарт оролцож энэ түүхийг эхлүүллээ. Багийн дасгалжуулагчаар ажилласан Лонжидын Дашням, Батжаргалын Есөнбилэг нартаа, Дэлхийн аваргын залуу эр ангилалд анх удаа оролцож Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үнэлгээг авсан (SG91 BSZS) Монголын нохой Аресын эзэмшигч Э.Мэргэнсанаагийн гэр бүл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үржлийн үнэлгээг авсан (SG85 BSZS) Аряагийн эзэмшигч В.Мөнгөнсүхийн гэр бүл, бүтэн тэмцээний улирал эх орноо төлөөлөн гол сунгаануудад амжилттай оролцож өндөр амжилт үзүүлсэн (SG34 BSZS) Аянгагийн эзэмшигч Я.Анхбаярын гэр бүлд баяр хүргэж талархал илэрхийлэе. Холбооны Ерөнхийлөгч Тэрбишийн Төгөлдөр, Холбооны дэд Ерөнхийлөгч Баянжаргалын Мэргэн нартаа мөн багаа дэмжин ажилласанд маш их баярлалаа. Улаанбаатараас Нюрнберг хүрэх Монгол улсын шигшээ багийн бүх ажлыг дэмжин хамтарч ажилласан дараах хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлэе: Монгол улсын шигшээ багийн нохдын Rabies шинжилгээг хариуцаж ажилласан UB Vet эмнэлэг, эмч А.Болор-Эрдэнэ танд баярлалаа, Монгол улсын шигшээ багийн нохдын түнх, тохойн үений зургийн шинжилгээг хариуцаж ажилласан холбооны эмч М.Баасансүрэн танд баярлалаа, Монгол улсын шигшээ багийн нохдын бүтэн улирлын сорилго тэмцээнүүдийг дэмжин ажилласан MERA компанид баярлалаа, Монгол улсын шигшээ багийн нохдын бүх нислэгийг хариуцан ажилласан Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанид баярлалаа, Холбооны шалгалтын, санхүүгийн, үржлийн албаны нийт хамт олондоо баярлалаа, Дэлхийн аваргын үеэр гал болон ажилласан багуудад баярлалаа. Нийт энэ үүлдрийн фанатууд, сонирхогчид, үржүүлэгчид, нийт хамт олон та бүхэндээ баярлалаа. Жил бүр бид эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг Дэлхийн аварга дээр мандуулж амжилтыг ахиулах болно.
Зургийг авсан: Heike Winkler / BSZS Presse