11/03/2026
ХҮҮХЭД АЛДАА ГАРГАХАД НИЙГЭМ ӨӨРӨӨ ШАЛГАГДДАГ
Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой хэн, ямар үүрэг, хариуцлага хүлээх талаар олноороо ярьж байгаа дээр дараах хэдэн зүйлийг нэмэрлэе. Үе тэнгийн дээрэлхэлт, хулгай, дээрэм, хүчин гээд ямар ч гэмт хэрэг, зөрчил гарсан түүний цаана “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦОО” бүхэлдээ ажиллаж чадаж байна уу гэж харах тухай юм.
1️⃣ХҮҮХЭД
Хамгийн түрүүнд та тэдгээр хүүхдийг буруутай гээд тэд (дангаар) хариуцлага хүлээх ёстой гэвэл эндүүрэл. Түүний илрэл нь Эрүүгийн хариуцлагын насыг 12 болго, шоронд хорь, хувийн хэрэгт нь тэмдэглэж Их сургуульд орох боломжгүй болго эсхүл бүр цэрэгжилтийн хичээл орно л гэнэ.
Эхлээд хүүхдийн тархины хөгжлийн талаар уншаад үзээрэй. Урд тархи бүрэн хөгжөөгүй байдаг бөгөөд ихэнхдээ 20-25 нас хүртэл хөгждөг. Энэ тархи нь шийдвэр гаргах, төлөвлөх, өөрийгөө хянах, урт хугацааны үр дагаврыг бодох чадварыг хариуцдаг тархи. Иймээс өсвөр насныхан түргэн шийдвэр гаргах, эрсдэлтэй зүйл турших, сэтгэл хөдлөлөөрөө үйлдэл хийх хандлага өндөр гэж судлаачид судлаад тогтоочихсон.
Тиймдээ ч Хууль зүйн шинжлэх ухаанд хүүхдэд эрүүгийн хариуцлагын шийтгэлээс илүү хүмүүжил, хамгаалал, нийгэмшүүлэх зорилготой тусгай тогтолцоо чухал гэж тодорхойлдог бөгөөд Хүүхдийн эрүүгийн хариуцлагын онол (Juvenile Justice Theory) нь насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэдэнд ямар хариуцлага оногдуулах, хэрхэн шийдвэрлэх, ямар зарчим баримтлах ёстойг судалдаг тусдаа бие даасан судлагдахуун авч үздэг. Манайд энэ асуудал хөгжөөгүй, судлагдаагүй гэж хэлэхэд болно. Хөгжөөгүй гэдэг нь хүүхдэд хариуцлага хүлээлгэхгүй байгаа гэсэн үг биш, харин ч насанд хүрэгчидтэй адил, зарим тохиолдолд “хүүхэд” болохоор дорддог нөхцөл байдал ч бий.
Хэдхэн хоногийн өмнө УЕП-с гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд дахин холбогдож буй байдал, тэдний учруулсан хохирол нөхөн төлөлтийн байдал, Хүүхдэд авч буй ТСАХ-ний талаар гээд хэдэн тоо баримт асуухад байхгүй, судалж байж гаргаж өгнө л гэсэн. Бид ийм наад захын тоогоо гаргаж чадахгүй, үүнийг анхаараагүй, тоохгүй явсаар ирж. Энэ нь бид хүүхэд алдахад тухайн үед нь шийтгээд л өнгөрөхөөс биш эргэж нийгэмшүүлэх, хамгаалах цогц арга хэмжээг огт авахгүй байгаагийн урхаг юм.
2️⃣ХҮҮХДИЙН ОРОЛЦОО
Өчигдрөөс хойш цахим орчинд гарч байгаа мэдээллүүд дотор хүүхдийн өөрсдийнх нь өгсөн ярилцлага, шийдэл онцгой сэтгэгдэл үлдээлээ. Энэ юу вэ гэхээр бид өмнөөс нь биш хүүхдүүдийн өөрсдийнх нь шийдэл, саналыг сонсоод үзвэл яасан юм бэ. Гэхдээ шүгэл үлээгчээ хамгаалах бэлтгэлийг сайтар хийх, хүүхдэд томчуудын хяналтгүйгээр эрх мэдэл шилжүүлэхгүй байх гээд олон зүйлийг анхаарах хэрэгтэй. Томчууд биднээс илүү хүүхдүүд юуг “дээрэлхэлт” гэх вэ гэдэгт хариулт өгнө. Бичлэг дээр гарснаас илүү, бидний ойлгохгүй үг үйлдэл хүртэл хүүхдэд “дээрэлхүүлж буй мэдрэмж” өгдөг. Ж: ангийн хүүхдүүд гар утас хэрэглэдэггүй хүүхдийг шоолох, бүлгээс гадуурхах үзэгдэл байж болно. Олон ч аян хүүхдийн эрхийн ТӨЛӨӨ томчуудын гаргасан шийдэл байдаг тул байгаа онохгүй, ужгирч байна. Тиймээс хүүхдийн оролцоо гэдэг нь хурал цуглаан, тоглолт үзүүлэх арга хэмжээ биш юм.
3️⃣ЭЦЭГ ЭХ
“Манай хүүхдэд ийм зүйл тохиолдолдвол хаана, хэнд, хэрхэн хандах вэ” гэдэг заавар журам байна уу? Ангиараа энэ талаар нэгдсэн ойлголттой болмоор байна гэж ангийн багшаас нь асуугаарай. Бид өөрсдийн хувийн туршлагаар асуудалд хандах нь олон буруу, сөрөг үр дагавар үүсгээд байна. Ангийн групп чатанд хүүхдийн нэрийг, эцэг эхтэй нь дуудаад л хэрүүл болчих юм. Сургуулийн албан ёсны механизмд хандах, тухайн механизм ажиллах, авсан арга хэмжээ нь үр нөлөөтэй байна уу гэж эргэж нягталдаг тогтолцоо бий болгох шаардлагатай. Үүнийг сургуулийн удирдлага манлайлж, эцэг эх “зөв оролцоотой” хэрхэн хамтарч ажиллах талаар Боловсрол эвсэл (https://www.uih.mn/upload/sudalgaa/files/280_6608413.pdf ) , Save the Children ( https://savethechildren.mn/?page_id=12120&lang=mn ) гээд байгууллагын гаргасан бэлэн гарын авлага, туршлага байна. Гадаадаас хайхгүй, дотоодын нөөцөө ашиглавал зүгээр дээ. Бүгд цахимд бичдэг шигээ хүүхдүүдийнхээ анги дээр нэг туршаад үзээрэй.. Боловсролын ерөнхий хууль, Хүүхэд хамгааллын хуулиар эрх зүйн зохицуулалт бүрдчихсэн, гагцхүү хэрэгжилт хангалтгүй.
4️⃣АНГИЙН БАГШ, СУРГУУЛЬ
Сургуулийн орчинд хэрхэх талаар Сүндарийн ( https://www.facebook.com/share/p/1C9MP2jYxf/ ) бичсэн бичвэрийг уншина бизээ. Харин энэ тогтолцоонд нэг гажиг үүсэх гээд байгааг анзаарах хэрэгтэй. Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал нь “боловсролын салбарын асуудал” гэж мэргэжлийн салбар нь “өөрөөсөө түлхэх” хандлага. Сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, ангийн багш нар илүү илрүүлэх, урьдчилан сэргийлэх талбар дээрээ, харин хүүхэд хамгааллын мэргэжлийн байгууллага нь “хамгааллын мэргэжлийн үйлчилгээ” үзүүлэх, хоорондоо хамтран нягт уялдаатай ажилламаар.
5️⃣БОЛОВСРОЛ
Ямар ч тохиолдолд хүүхдийг боловсролоос хөндийрүүлж болохгүй ээ. Боловсрол бол хүний үндсэн эрх төдийгүй бусад эрх, эрх чөлөөгөө эдлэх хамгийн чухал эх сурвалж юм. Боловсрол нь чадавхын эрх болохын хувьд нийгэм, эдийн засгийн хувьд хязгаарлагдмал хүүхдүүд, томчуудад ядуурлаас өөрсдийгөө гаргах, нийгмийн амьдралд бүрэн төгс оролцох арга замаа олох үндсэн хэрэгсэл нь болдог. Ял шийтгэл, хариуцлага нь Боловсролоос хөндийрүүлэх хэрэгсэл болж болохгүй. Энэ хүүхдүүд хэзээ нэгэн цагт таны хүүхэдтэй хамтдаа нийгэмд хөл тавьж, учирна. Тиймээс бүх нийтээрээ боловсролын төлөө “жинхэнээсээ” байцгаая. Хаврын уралдаанд хүүхэд оролцох нь боловсролоос хөндийрүүлэх нэг том хүчин зүйл учраас л дуугараад байдаг юм.
6️⃣ЗАСГИЙН ГАЗАР, ЯАМ, АГЕНТЛАГ
Сургуулийн төсвийг энэ жил цалин нэмэх нэрийдлээр хассан. Туслах багш нараа ч цөөлөөд эхэллээ. Сургуулийн хүрэлцээ, хүртээмж, анги дүүргэлт гээд төсвөө зөв хуваарилахгүй байгаагийн нэг сөрөг үр дагавар нь “үе тэнгийн дээрэлхэлт”. Сургууль ядаж нэг ээлжтэй байгаад, багш хүүхдүүдтэйгээ тулж ажиллах цаг, анги танхим гардаг бол эрс буурна гээд олон судалгаан дээр биччихсэн. Энэ зөвхөн боловсролын салбарын асуудал биш, ЕС-ийн ахалж буй Хүүхдийн төлөө зөвлөлөөс хуулийн хэрэгжилттэй холбоотой холбогдох шийдвэр гарч, бодит үйлдэл хийх ёстой гэж харж байна.
7️⃣УИХ-ЫН ГИШҮҮН
Хамгийн эхэнд дурдсан Хүүхдэд хүлээлгэх эрүүгийн болон зөрчлийн хариуцлага, хүүхэд хамгааллын экосистемийг бүтэн зургаар нь зурж, холбогдох хуулиудын өөрчлөлт дээр ажиллаж байна. УИХ-с Хүүхэд, гэр бүлийн дагнасан шүүх байгуулах, тус системийн ажиллах хуулийн төсөл дээр АХ-ыг ахлан ажиллаж байна. Энэ бүх хуулийн төсөл, мэдээ, мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаг боловч анзаараагүй л байх.
👉🏻Энэ бүхний эцэст дүгнээд хэлэхэд ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧид өөр өөрийн чиг үүргийн ажлаа л хиймээр. Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг өмнө нь шаардаж ажиллаж байсан. Дахин асуулга явуулна. Та бүхэн танилцаад цаашид хамтран ажиллахад үргэлж нээлттэй шүү.
Хүрэлбаатарын Баасанжаргал