14/10/2026
Соёлын гавьяат зүтгэлтэн Лувсансүхийн ХЭРЭЭ (1948-2026)
Гүн эмгэнэл илэрхийлье...
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, судлаач, сэтгүүлч Хатагин овогт Лувсансүхийн Хэрээ 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж утга уран зохиол, сэтгүүл зүй, соён гэгээрлийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Лувсансүхийн Хэрээ нь 1948 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг, Эрдэнэбадрах хэмээх газар мэндэлжээ. Тэрбээр эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжин, бага, дунд сургууль төгсөөд Улсын Багшийн Дээд сургуульд элсэн орж “Монгол хэл- Уран зохиолын багш” мэргэжил эзэмшсэн төгсжээ. Мөн Намын Дээд сургуулийн дэргэдэх сэтгүүлчийн курс болон Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Удирдах ажилтны институтийг төгсөж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлсээр иржээ.
Тэрбээр 1973 онд Хэвлэл, утга зохиолын хяналтын газарт редактороор ажиллаж, хэвлэл мэдээллийн салбараас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 1977 оноос Дорнод аймгийн “Дөл” сонинд сурвалжлагч, эрхлэгч, Радио телевизийн редакцын эрхлэгч, Монголын радиогийн Дорнод аймаг дахь сурвалжлагч, ММИС-ийн Дорнод салбар болон Дорнод дээд сургуулийн багшаар тус тус ажиллаж байв. Л.Хэрээ нь ажил амьдралынхаа туршид мэдлэг боловсрол, авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ ард түмнээ соён гэгээрүүлэх, эх нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үйлсэд зориулсан үндэсний шилдэг сэхээтэн байлаа.
Лувсансүхийн Хэрээ нь Монголын түүх, утга зохиол, урлагийн судалгаа, шинжилгээний салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван ном, бүтээл туурвин хэвлүүлсэн нэрт эрдэмтэн, судлаач, зохиолч юм.
Тэрбээр “Да багш эрдмийн их мөрөн”, “Да вангийн Юндэн гэгээн”, “Дарга орлосон сард” зэрэг бүтээлийн түүвэр, “Утга зохиолын тухай бодол”, “Гурван өгүүлэл”, “Уран зохиол судлал” нэг, хоёрдугаар дэвтэр, Дорнодын зохиолчдын хамтын бүтээл “Халхын гол” гурван цуврал, “Дорнодын зохиолчдын уран бүтээлийн дээжис” шилдэг бүтээлийн түүвэр, “Дорнодын бүтээлч эрчүүд”, “Дорнод аймгийн өнөөгийн тахилгат уул овоо, гол мөрөн” зэрэг номыг бичжээ. Мөн бүрэн хэмжээний хоёр жүжиг бичиж, тайзнаа тоглуулсан байна.
Түүнчлэн “Эрүүл энхийн жаргал оршоосон 90 жил”, “Дорнодын өнгө хүүхнүүд”, “Ургах нарны уянга”, “Үнэний үйлсэд мөнхрөх алдар” зэрэг номын хамтран зохиогчоор оролцож, Д.Намхайн “Хулст хөндийн хүү”, М.Цэвэгмидийн “Халхын хэцүү То ван”, Ш.Дугарын “Бэлийн чулууны бодрол” зэрэг арав гаруй номыг редакторлан, уншигчдын хүртээл болгожээ.
Түүний бүтээл туурвил, судалгаа шинжилгээний ажил нь Монголын утга зохиол, түүх соёлын өвийг судлан сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Л.Хэрээ зөвхөн зохиол бүтээл туурвиж, судалгаа шинжилгээний ажил эрхлээд зогсохгүй, Дорнод аймагт орон нутгийн радио, телевизийг үүсгэн байгуулж, хөгжлийнх нь эхлэлийг тавьсан манлайлагч сэтгүүлч байлаа. 1988 онд Дорнод аймагт орон нутгийн анхны радио байгуулалцаж, анхны эрхлэгчээр нь ажилласан бол 1992 онд мэргэжил нэгт нөхдийн хамт аймгийнхаа анхны телевизийг нээж байжээ. Тэрбээр орон нутгийн иргэдэд мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэхийн ач холбогдлыг цаг тухайд нь ойлгон, бусад аймагт ч орон нутгийн телевизийн студи байгуулахыг уриалан дэмжиж, салбарын хөгжилд манлайлан оролцсон юм.
Сэтгүүл зүйн салбарт олон арван жил үр бүтээлтэй ажиллахдаа мэдээ, сурвалжлага, ярилцлага, тэмдэглэл, найруулал, хөрөг, өгүүлэмж, бодрол зэрэг олон төрөл зүйлээр хэдэн зуун бүтээл туурвин нийтэлж, нэвтрүүлжээ. Түүний бүтээлүүд нь нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөж, олон нийтийн анхаарлыг татан, орон нутгийн хөгжилд чиглэсэн санал санаачилга, шийдлийг дэвшүүлдгээрээ онцлог байв. Түүний дэвшүүлсэн олон санал санаачилга аймаг, орон нутгийн төр, захиргааны бодлого, шийдвэрт тусгалаа олж, бодит ажил хэрэг болон хэрэгжиж байлаа.
Мөн их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн дурсгалыг мөнхжүүлэх, зохиол бүтээлийг нь сурталчлан таниулах үйлсэд ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Түүний санаачилга, зүтгэлээр их эрдэмтний төрсөн газарт гэрэлт багана босгох, Чойбалсан хотод боржин чулуун хөшөө байгуулах, Монгол Улсын төрийн дууллыг байгалийн цонж хаданд сийлэн үлдээх, Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит газрууд бий болгох, Дорнод аймгийн Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Оюуны ундарга” тэргүүн шагналыг бий болгох зэрэг олон чухал ажил хэрэгжсэн байна.
Энэ бүхэн түүний эх орныхоо түүх, соёлын өвийг эрхэмлэн дээдэлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл байлаа.
Ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан түүний нөр их хөдөлмөр, авьяас билэг, идэвх санаачилгыг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ. Мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Радио телевизийн тэргүүний ажилтан”, “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, Дорнод аймгийн Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Оюуны ундарга” тэргүүн шагналыг хүртсэн эрхэм хүн байв.
Бичгийн их хүмүүн, хатагин овогт Лувсансүхийн Хэрээ нь авьяас билэг, мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээрээ Монголын утга зохиол, түүх соёл, сэтгүүл зүйн салбарт өөрийн тод мөрийг үлдээж, олон арван ном, бүтээлээрээ оюуны үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээлээ. Түүний туурвил бүтээлийн номон суварга, соён гэгээрүүлэх их үйлс нь үеийн үед дуурсагдах болно.
Таны шударга, зарчимч, дайчин зан чанар, өгөөмөр, өрөвч зөөлөн сэтгэл, хань үр хүүхэд, анд нөхөд, шавь нартаа захиж хэлсэн алт мэт сургаал үгс, эгэл даруу төрх тань бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн хань, гэр бүл, үр хүүхэд, ач зээ төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран зүтгэгчид, үзэг нэгт нөхөд, шавь нар болон нийт уншигч, сонсогч, үзэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.