15/09/2026
НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 🇲🇳
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж байна.
Энэ удаагийн чуулганаар эрүүл мэндийн салбарт олон жил хүлээгдсэн бодлогын шинэчлэлүүдийг урагшлуулж, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн ажлуудаа үргэлжлүүлэн ажиллана.
Өнөөдрийн чуулганы нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга нэн тэргүүнд эрэмбэлэн батлах хуулийн төслүүдийн жагсаалтыг танилцуулахдаа Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд онцлон дурдлаа.
Энэхүү хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төслийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ХХНББХ-ны тогтоолоор байгуулагдсан.
Одоо ажлын хэсэг ажиллаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар үзэл баримтлалын хүрээнд дэмжигдсэн хуулийн төслийг эцэслэн, Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулах чухал ажил үлдэж байна.
Мөн:
• Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хүртээмжтэй холбоотой эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх;
• Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, архаг өвчний хяналт, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих бодлогыг эрчимжүүлэх;
• Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн зөв мэдлэг, дадлыг бага наснаас нь төлөвшүүлэх, дээд боловсролын хөтөлбөрт тусгах зэрэг чиглэлд бодлогын шинэчлэл хийх;
• Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хүний нөөц, хүний нөөцийн чадавх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэх;
• МАН-ын Эрүүл мэндийн бодлогын хорооны ажлын хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаар ажиллаж, эмч, эмнэлгийн ажилтан болон иргэдийн бодит нөхцөл байдлыг нэгдсэн байдлаар үнэлж, дүгнэн богино, дунд, урт хугацааны бодлого, зөвлөмж боловсруулах;
• Хууль, төсөв, бодлогын шийдвэрийн хэрэгжилтийг салбарын бодит нөхцөл байдалтай уялдуулан хянаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн хийхэд анхаарч ажиллана.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэл зөвхөн хууль батлахаар дуусахгүй. Батлагдсан хууль бодит амьдралд хэрэгжиж, иргэн бүрт хэрэгтэй тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, тасралтгүй хүргэдэг тогтолцоо бүрдэх нь хамгийн чухал.
Хүн төвтэй, нэгдмэл, тасралтгүй эрүүл мэндийн тогтолцоог бий болгохын төлөө энэ намрын чуулганаар хуулийн шинэчлэлээ урагшлуулж, салбарынхаа бодит нөхцөл байдлыг газар дээр нь сонсож, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг тууштай хянаж ажиллана.